Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн зарим төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмээд байна. Тодруулбал, цэцэрлэгийн багш, бага ангийн багш нарын цалинг 12.3 хувь буюу 88.000 орчим төгрөгөөр, соёл урлагийн салбарын ажилтнуудын цалинг 14-32 хувиар, сувилагчидын цалинг 20-30 хувиар, дарга нараас бусад төрийн албан хаагчдын цалинг 8-10 хувиар нэмлээ. Ингэж өмнө нь байгаагүй хэмжээгээр цалинг нэмэгдүүлснээр улсын хэмжээнд 173 мянган төрийн албан хаагчийн орлого өсч байна. Тэр ч байтугай ирэх жилээс төсөв санхүүгийн нөхцөл байдал сайжирвал дахин нэмэх боломжтой гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар илэрхийлээд байгаа.
Жил гаруй тойрсон багш, сувилагчдын ажил хаялтын үр дүн сая нэг биелэлээ оллоо гэтэл асуудлыг хүндрүүлж аливааг шүүмжил гоочлох “Муухай Монгол” зангаа зарим сургууль, цэцэрлэгийн багш нар гаргаж эхлэв. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 3-нд зарим сургуулийн багш нар ажил хаялт зарлаад буй. Тэдний энэ тэмцэлд цэцэрлэгийн багш нар нэгдэхээ илэрхийлж өнөөдрөөс үүдээ хааж, айлын хүүхдийг алаг үзэж эхлээд байна. Энэ нь Засгийн газрын эсрэг бус эцэг эх, хүүхдүүдийг хохироож буй үр ашиггүй, хохирол дагуулсан “бослого” болж хувирлаа.
Арай ядан сэргэж байгаа эдийн засгаа элгээр нь хэвтүүлье гэвэл цалинг 50 хувиар нэмж, инфляцаа “тэнгэрт тулгах” байх даа. Угтаа аль ч төрийн албан хаагч цалингийн нэмэгдэлтэй хөөцөлдөхийн оронд дор бүрнээ ажлын хариуцлагаа нэмэгдүүлэх нь зүйтэй.