Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумын малчдын санаачлагаар малчид, сум, багийн удирдлагууд хамтран хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохоор энэ сарын 3-аас зам хаагаад байна. Тус хоёр сумын зааг нутаг болох “Хөнхөр хацавч” иргэдийн хэлж заншсанаар мөнгөний мод гэх газарт ийн иргэд малчид хамтран тэмцэж эхэлсэн байна. Баяндалай сумаас Ноён сумын нүүрсний шороон зам хүртлэх 140 орчим км замыг сайжруулсан шороон зам болгож, замын хөдөлгөөнийг цэгцлэн, хүнд даацын машинуудыг нэг замаар явуулахыг шаардаж зам хааж байгаа ажээ.
Тэд уул уурхайн компаниудтай хэзээ шийдэлд хүрнэ тэр хүртэл тэмцлээ зогсоохгүй гэнэ. Өмнөговь аймгийн баруун бүс нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Тэнд ажилладаг компаниудын бүх төрлийн техник, тоног төхөөрөмж, хүнс, ажилчдын тээвэрлэлт хийх хөдөлгөөн Баяндалай, Ноён сумын нутгаар дайран өнгөрдөг. Энэ хугацаанд нутгийн ард иргэд, малчид олон зүйлийг шаардалгүй өдий хүрчээ.
Сүүлийн жилүүдэд тэнд ажиллах компани аж ахуй нэгжүүдийн тоо өсч үйл ажиллагаа нь эрчимжих хэрээр, дамжин өнгөрөх машин тоног төхөөрөмжийн хяналтгүй, тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөнөөс үүдэн газрын хөрс талхлагдан, эвдэрч, тоосжилт гамшгийн хэмжээнд хүрээд байна. Энэ байдалд анхаарал хандуулж уул уурхайн компаниудад аймаг, сум, баг, ард иргэдээс удаа дараа албан хүсэлт хүргүүлж ярилцаж ирсэн боловч өнөөдрийн байдлаар ямар ч үр дүн гаралгүй, байдал улам хүндэрсээр байгаа тул ийн зам хаах хэмжээнд хүрчээ.