Монгол Улс тогтвортой болон ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүддээ 2030 он гэхэд нийт хаягдлынхаа 40 хувийг дахин боловсруулж, газарт булж буй хогийг тэр хэмжээгээр бууруулах зорилт тавьсан. Үүнийг ажил хэрэг болгох бодлогын чиг шугам болох Хог хаягдлын тухай хуулийг 2017 оны тавдугаар сарын 12-нд шинэчлэн баталсан билээ.
Улсын хэмжээнд өдгөө хогоо ихэвчлэн ил задгай хаяж, сайндаа л газарт булж, “боловсруулж” байгаа юм. Харин шинэ хуультай болсноор хаа сайгүй хөглөрөх хог хаягдлаа ангилан ялгадаг болно. Мөн энэ талын ойлголтыг иргэддээ багаас нь “суулгах”-ын тулд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгахаар төлөвлөжээ. Тулгамдсан олон асуудлаа шийдэх боломжтой шинэ хууль баталсан гэж өнгөрсөн онд төрийн холбогдох байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн ч онцолж байлаа.
Түүнээс хойш нэг жил гурван сар гаруйн хугацаа өнгөрөв. Харамсалтай нь, энэ хугацаанд дэвшил, өөрчлөлт огт гараагүйг өнөөгийн нөхцөл байдал бэлхнээ нотлох биз ээ. Тооны хэлээр бол, бидний гаргасан нийт хаягдлын 50 орчим хувийг дахин ашиглах боломжтой ч боловсруулж, экспортолж байгаа нь нэг хувьд ч хүрэхгүй хэвээрээ байна. Мөн өдгөө улсын хэмжээнд дахин боловсруулах томоохон үйлдвэр барьж чадаагүй. Улаанбаатар хотод гэхэд хувийн хэвшлийнхний 20 гаруй үйлдвэр бий ч тэдэнд бодлогын дэмжлэг дутагддагаас үйл ажиллагаагаа төдийлөн өргөжүүлж чадахгүй байгааг олонх нь хэлсэн.
Уг нь энэ мэт асуудлаа хэрхэн шийдэхийг шинэ хуульдаа тодорхой тусгасан юм билээ. Хуульд ямар ямар “мөрөөдөл” туссаныг сонирхуулъя. Юуны өмнө хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх гэнэ. Үүний тулд хүүхдүүдэд багаас нь энэ талаар заах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж буй. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа өнөө үед лав ийм арга хэмжээ авна гэж сонсогдсон зүйлгүй байгаагаас үзвэл түр хойшлуулсан, эсвэл энэ талаар хэдийнэ мартсан гэсэн үг.
Олон улсад баримталдаг “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчим бол шинэ хуулийн амин сүнс нь. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн болон импортолсон бараа бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг эргүүлэн татаж, дахин боловсруулах, ашиглах үүрэгтэй. Түүнчлэн үүсгэсэн хогийнхоо хэмжээгээр төлбөр, хураамж төлөх зүйл заалт оруулжээ.
Энэ нь мөн л хэрэгжээгүй бөгөөд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хамтран ажиллах шаардлага тулгараад буйг албаныхан онцоллоо. “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хэрэгжүүлж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар булж устгах хаягдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулна. Цаашлаад булахад зарцуулж буй жилийн төсвийн 30-40 хувь болох 300- 400 сая төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарсан юм билээ, уг нь.
Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлэг шинээр нэмж оруулсан нь өмнө нь мөрдөж байсан хуулиас бас нэгэн дэвшил болсон юм. Мөн аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг Засгийн газраар батлуулсан. Төв аймаг, нийслэлийн Налайх дүүрэг, Цагаандаваа гэсэн гурван газарт аюултай хог хаягдлын байгууламж барих талаар ярьж байсан ч өдгөө таг чиг.
Шинэ хуулийн дэвшилтийн талаар “Аюултай хог хаягдлын үндэсний холбоо” төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга П.Буянхишиг “Шинэчлэн баталсан хууль 2012 оныхоосоо хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулагч иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах гэх мэт.
Түүнчлэн манай улс анх удаа хог хаягдлаа олон улсын жишгийн дагуу аюултай, энгийн гэсэн нэр, төрлөөр ангилсан. Гэсэн ч одоогоор хуулийн хэрэгжилт хангалттай түвшинд хүрээгүй, менежментийн нэгдсэн тогтолцоо хараахан бүрдээгүй байна. Үүнийг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоо, хариуцлага маш чухал. Хуулийн хэрэгжилт удаашралтай, хангалттай түвшинд хүрч чадахгүй байгаа нь хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгжүүд үүргээ гүйцэд ухамсарлахгүй байгаатай холбоотой.
Мөн иргэд хог хаягдлын талаарх боловсрол, мэдээллээр дутмаг байна” гэсэн юм. Хуульд тусгасан энэ мэт мөрөөдлөө биелүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч буйг салбарын яамныхнаас тодруулахад “Манайх хийх ёстой бүх ажлаа хийсэн. Даанч бусад яам, Тамгын газар, аж ахуйн нэгжүүд энэ асуудалд уялдаа холбоотой хандахгүй байна. Тэгээд ч хог хаягдлын асуудал олон салбар хамардаг учраас хэрэгжүүлэхэд хугацаа шаардагдана” хэмээлээ.
Шинэ хууль “төрсөн” даруйдаа мартагдаад аль хэдийнэ нэг жилийн нүүрийг үзлээ. Хэрэгжүүлж чадахгүй хэрнээ гоё хууль баталдгийн жишээ болсон мөрөөдлийн хуулиа хэзээ хэрэгжүүлэх вэ?
Эх сурвалж: