Японд сүүлийн 25 жилийн хугацаанд тохиолдоогүй хүчтэй далайн хар салхи өчигдөр тус улсын баруун эргийг дайрсан билээ. Хар салхины үеэр үүссэн аадар бороо, хүчтэй шуурганы улмаас долоон хүн амиа алдаж, доод тал нь 200 хүн бэртсэн байна. Мөн байшин барилгуудын дээврийг хуулж, зам гүүрүүдийг сүйтгэжээ.
Кансай олон улсын нисэх буудал хүргэдэг гүүр эвдэрснээс тус буудал эх газраас тасарч, 5,000 орчим хүн гацсан байна. Өнөөдөр өглөө тэднийг усан замаар эх газарт хүргэжээ. Жэби нэртэй уг хар салхи өчигдөр үд дунд Японы баруун эрэгт анх хүрсэн бөгөөд салхины хурд 216 км/цаг хүрч байв.
Улмаар тус улсын төв хэсгийг дайран өнгөрч, шөнө дунд тэнгис рүү шилжсэн байна. Япон даяар нэг сая гаруй өрх цахилгаангүй болж, 1.2 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргажээ. Япон улс жил бүрийн зун, намар хүчтэй хар салхинд өртдөг. Өнгөрсөн долдугаар сард хар салхины үеэр үүссэн үер, хөрсний нуралтын улмаас 200 гаруй хүн амиа алдсан юм.
[fbvideo link=”https://www.facebook.com/JapanNowDaily/videos/273956783440322/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]Эх сурвалж: AFP