Бразилын Рио Де Жанейро хот дахь 200 жилийн түүхтэй Үндэсний Музей Ням гарагийн оройноос эхлэн шатаж байна. Гал түймэр хяналтаас гарсан тул Бразилын түүх, археологийн 20 сая гаруй дурсгалууд бүрэн устах өндөр магадлалтай болжээ. Тус улсын ерөнхийлөгч Мишел Темер галын гамшгийг “Бразил улсад тохиолдсон тооцоолохын аргагүй хохирол” гэж мэдэгдэлдээ тодорхойлсон байна.
“Хоёр зуун жилийн ажил хөдөлмөр, судалгаа, хуримтлуулсан мэдлэгээ бид алдлаа” гэж тэр мөн мэдэгдэлдээ дурджээ. Одоогоор галын шалтгаан, хохирол, цар хүрээний талаар эрх баригчид ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Хуучин хааны ордон байсан музейн барилга орой 17:00 цагаас хойш шатаж эхэлсэн ба шөнө гэхэд түймэр хяналтаас гарч, бүх барилгыг хамарчээ.
1818 онд байгуулагдсан уг барилгад эртний Египетийн түүхэн олдворуудаас эхлээд Бразилаас олдсон хамгийн эртний хүний яс зэрэг ховор үнэт дурсгалууд хадгалагдаж байв. Музей засгийн газраас ямар ч санхүүжилт авалгүй олон жил явсны эцэст хөгжлийн банкнаас томоохон хөрөнгө оруулалт авч, барилгаа засварлахаар болоод байжээ. Үүнд нь галаас хамгаалах шинэ систем багтаж байсан гэнэ.
Харамсалтай нь $5 сая орчмын хөрөнгө оруулалтыг төсвөөс авч амжилгүй ийнхүү сүйрч байна. Бразилын олон засгийн газар олон жилийн турш барилгыг засаж сайжруулах хүсэлтийг хэрэгсэхгүй өнгөрч байсныг тус музейн төлөөлөгч орон нутгийн сувагт ярьжээ.
Эх сурвалж: Reuters