Аймгийн төвтэй ойр учир сурагчдын тоо жилээс жилд буурч байна. Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 хичээлийн жилийн нээлт өнөөдөр /2018.09.01/ орон даяар эхэллээ. Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган хүүхэд суралцах бөгөөд нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.
Хэдийгээр хөдөө орон нутагт сургуулийн тоо харьцангуй өндөр ч суралцагчдын тоо нийслэл, аймгийн төвийн сургуулиудтай харьцуулахад бага байдаг. Энэ нь мэдээж олон шалтгаантай. Тухайлбал, энэ жил Төв аймгийн Сэргэлэн сумын сургууль 14 багш, 13 ажилтан, 67 хүүхэдтэйгээр хичээлийн жилийг эхлүүллээ. Үүнээс нэгдүгээр ангид таван сурагч шинээр элсэн суралцахаар бүртгүүлснээс дөрөв нь ирсэн байна.