Монголын жүдочид Хятадын багт 4:2 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Азийн Наадмын жүдо бөхийн багуудын тэмцээн өнөөдөр болж байна. Уг наадамд оролцсон улсын багууд хоёр хэсэгт хуваагдан зургаан жинд халз барилдаан хийж аварга багийг тодруулах юм. Дөнгөж сая Монгол улсын баг тамирчид шөвгийн наймын шатанд Хятадын багтай таарч, 4:2 харьцаагаар ялагдлаа.
Монголын жүдочдоос эрэгтэй -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, эмэгтэй -70 кг-ийн жинд Ц.Наранжаргал нар өрсөлдөгчөө ялсан бол бусад жингүүдэд барилдсан Д.Сумьяа, Э.Мөнхжаргал, Б.Мөнхтуяа, Ө.Дүүрэнбаяр нар ялагджээ. Хамгийн хүнд жин буюу +90 кг-ийн жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр дүрмийн бус барилдаан хийсэн шалтгаанаар оноог нь тооцоогүйгээс ялагдсан юм. Тэрээр шүүлтийг эсэргүүцэж, ёслол хийлгүй дэвжээг шууд орхиж буусан.
Тэмцээний дараа хоёр багийн тамирчид бүгд дэвжээн дээр гарч харилцан ёслоход мөн Ө.Дүүрэнбаяр эсэргүүцэж Монголын баг бүрдээгүй тул Хятадын баг тамирчид дангаар ёсолсноор тэмцээн өндөрлөлөө. Монголын жүдочид энэ удаагийн Азийн Наадмаас хоёр мөнгө, таван хүрэл медаль авснаар тэмцээнээ өндөрлүүлж байна.