Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдтой тодорхой асуудлын хүрээнд цахим шуудангаар холбогдон, ярилцлаа.
-Юуны өмнө цаг зав гарган ярилцаж буй Танд талархъя. Ирэх онд Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ярилцлагаа эндээс эхэлье.
-2019 оны зургадугаар сард Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Дипломат харилцаа тогтоосон эхэн үедээ ЗХУ-д сууж асан Элчин сайд тэндээс Монголыг хамаарч байсан юм билээ. Тэр Элчин сайд нь итгэмжлэх жуух бичгээ барихаар 50 жилийн өмнө Монголд ирж, онгоцноос буугаад газарт сөхөрч, адис аван “Нутагтаа ирлээ” хэмээсэн гэдэг. Түүний нэр нь хүртэл Тулуй. Чингисийн бага хүүгийн нэртэй адил. Турк түмэн монголчуудад маш элгэмсэг ханддаг. Бидэнд ингэж өөриймсөг ханддаг улс, ард түмнийг дипломат алба хаших хугацаандаа би ер үзээгүй юм байна. Бид өмнө нь ЗХУ-ыг л ах дүү улс гэж нэрлэдэг байлаа. Одоо бол манай албан ёсны баримт бичигт Туркийг ах дүү улс гэж нэрлэдэг юм шүү дээ.
-Турк бол газар зүйн хувьд маш чухал байрлалтай. НАТО-гийн гишүүн орон. Тэгсэн хэрнээ сүүлийн үед ОХУ-тай их ойртож байна. Геополитикийн эл өөрчлөлтөд манайхан яаж хандаж байгаа бол?
-Энэ их чухал асуулт. Үнэхээр Туркийн эргэн тойрны нөхцөл байдал амаргүй, Арабын хувьсгал, Сирийн дайн гээд. Одоо ч Иракийн нутгаас курдүүд Туркт нэвтэрч үе үе зэвсэгт хадлага хийж, нутгийн зүүн өмнөд хэсэг нь түгшүүртэй хэвээр. Зөвхөн Сирийн 3.5 сая дүрвэгчийг нутагтаа байлгаж, хооллож байна. Оттоманы эзэнт улс шиг 600 жил буюу он удаан жил оршин тогтносон том гүрэн үгүй. Энэ бол төрт ёсны асар их туршлага. Энэ шинж ч гадаад бодлогод нь буйг хэлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ Европ болон Азийг холбосон хоёрхон улсын нэг нь Турк, нөгөөх нь ОХУ. Стратегийн онцгой байршилтай Турк шиг улс цөөхөн, тийм нөхцөлд үнэхээр уян хатан, олон тулгуурт гадаад бодлого явуулж байна. Хэрэв манай гуравдагч хөршийн бодлого амьд байгаа бол Турктэй ярилцах юм маш их л дээ.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаанд ямар ололт, дутагдал байв?
-Ололт нь дандаа давамгайлж ирсэн. Улс төрийн харилцаа илүүтэй өрнөж, УИХ-аас баталсан гадаад бодлогын үзэл баримтлалд Туркийг “гуравдагч хөрш” хэмээн үзэж, цаашид хоёр талын харилцаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр 2013 онд тохирсон. Өнгөрсөн 20-иод жилд Туркийн Засгийн газрын тэтгэлгээр манай 1200 гаруй залуучууд тус улсад их, дээд сургууль дүүргэжээ. Энэ бол том хөрөнгө оруулалт.
2012 оноос Туркийн онгоц Улаанбаатарт долоо хоногт гурван удаа газардах болсноор гаднаас ялангуяа Европын жуулчдын тоо эрс өссөн. Ер нь Монголд очдог Өрнөдийн жуулчдын тавны нэг нь Туркийн нислэгийг сонгодог. Энэ нь эдийн засгийн ач холбогдолтой. Хоёр орны хоорондын харилцаанд байгаа ганц “дутагдал” гэвэл худалдаа, эдийн засгийн тал дээр туйлын идэвхгүй ханддаг явдал.
-Эдийн засгийн харилцаа сул байгаагийн шалтгаан нь юу бол. Манай хоёр улс ямар салбарт түлхүү харилцан ажиллах боломжтой гэж Та хардаг бол. Мөн хоёр талын харилцаанд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Газар зүйн хувьд харьцангуй алслагдсан байдал аль ч талын харилцаанд тодорхой нөлөөлдөг. Манай хоёр орон түүхийн жимээр холбогдсон гэдэг боловч үнэндээ бид Туркийг мэдэхгүй байна. Монгол мал аж ахуйн орон гэдэг, туркчүүд цагаан идээгээ янз бүрээр боловсруулаад байнга хэрэглэдэг. Тэр арга, технологиос бид суралцаж, нэвтрүүлмээр байх юм. Эндхийн хүмүүс мах голдуу иддэг учраас хоол хүнс нь манайханд их тохиромжтой санагддаг.
Турк хөдөө аж ахуйн орноос асар богино хугацаанд аж үйлдвэржсэн. Тус улс Европын зах зээлд нэг жилд хагас тэрбум орчим ам.долларын боловсруулсан арьс, шир гаргаж байна, тэр технологийг ч нэвтрүүлмээр. Мөн мэдээллийн технологиор ч өндөр түвшинд хүрсэн. Турк даяар дэд бүтэц, барилгажуулах бүтээн байгуулалт давалгаалж, мега төслүүд хэрэгжүүлж байна. Москваг турк барилгачид л босгосон шүү дээ, жишээ нь энэ онд Истанбулд дэлхийд хамгийн том, жилд 150 сая зорчигчид үйлчлэх нисэх онгоцны буудлын эхний хэсэг ашиглалтад орно. Нэг жилд гадаадаас хүн амынхаа талтай тэнцэх жуулчин хүлээн авч үйлчилж байна.
Харин бид хоосон баахан ярих юм. Тэгэхээр манайхны сачий хүрэхгүй байдал бас байх шиг. Гэхдээ сүүлийн үед хоёр орны харилцаанд бага ч гэсэн дэвшил харагдаж эхэллээ. Юуны өмнө Монгол, Туркийн бизнес форум хийх, Туркийн хөрөнгө оруулагчдад өөрсдийн талаар мэдээлэл өгөхөд анхааран ажиллаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах тодорхой санал тавьсныг 2018 оны эхээр Ерөнхийлөгч Эрдоан, Туркийн Засгийн газар дэмжсэн.
Хоёр талын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах санал тавиад ажиллаж байна. Туркийн Ерөнхий сайд Монголд айлчилж, олон зүйлээр тохиролцож, хоёр талын харилцаа мэдэгдэхүйц идэвхжсэнийг та бүхэн анзаарсан байх. Зөвхөн 2017 онд манай талын компани, иргэд Туркээс бүртгэгдсэн, бүртгэгдээгүй нийлээд 50-иад сая.ам.долларын өргөн хэрэгцээний бараа оруулж ирсэн байна. Туркийн тал манайхаас хоёр асуудал шийдэхийг байнга хүсдэг.
Нэгдүгээрт, Гүлений сургуулиудыг Засгийн газрынхаа мэдэлд шилжүүлж авъя, хоёрдугаарт, Истанбул, Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болъё гэдэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чармайлтаар агаарын харилцааны бодлогыг либералчлах шийдвэрийг саяхан УИХ-аас гаргасан нь нислэгийн асуудлыг ойрын хугацаанд нааштайгаар шийдэхэд туйлын хэрэгтэй боллоо. Энэ нислэг бол зөвхөн бизнес биш, харин дээр дурдсан геополитиктой ч холбогдох чухал асуудал юм шүү. Харин сургуулийн асуудлыг эвийг нь олбол шийдэж болох байх.
-Манай БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа саяхны нэгэн ярилцлагадаа “Монголд байгаа турк сургуулиудыг шилжүүлж авах саналыг Туркийн Засгийн газарт тавьсан” гэж дурдсан байсан. Энэ саналыг Туркийн тал зөвшөөрч байгаа юу?
-Монгол дахь турк сургуулиуд нь хувь хүнийх буюу Гүленийх, Туркийн Засгийн газарт ямар ч хамаагүй. Тэгэхээр хувийн компанид нь тийм санал тавьсан байх, бодвол. Туркийн Засгийн газраас тэдгээр сургууль “турк” гэдэг нэрийг ч хэрэглэх эрхгүй гэж үзэж байгаа. 2017 оноос эхлээд тэдгээр сургууль төгсөгчдийн гэрчилгээг Туркт хүлээн зөвшөөрөхгүй болсон. Туркийн Засгийн газар нэг жилд бидэнд их, дээд сургуулийн 70 гаруй тэтгэлэг олгож байна.
Тэдгээр сургуулиудыг Засгийн газарт нь шилжүүлэн өгөхийг төрийн эргэлт хийх оролдлогын дараагаас л хүссэн. Ингэхдээ сурагчдын эрх ашгийг хохироохгүй, бүх багш нарыг Туркээс томилно, сургалтын төлбөрийг багасгана гэх мэт тодорхой зүйл хэлж байгаа. Бид болохоор хувийн сургууль тул төр хөндлөнгөөс оролцох эрхгүй, бас ямар нэг байдлаар шийдэх тохиолдолд сурагчдын эрх ашиг хохирох ёсгүй гэдгээ хэлсээр ирсэн. Тиймээс л би эвийг нь олбол энэ асуудлыг шийдэх боломжтой гээд байгаа юм шүү дээ. Тэгээд ч Монголд үйл ажиллагаа явуулж буй “турк” гэж нэрлэдэг тэдгээр сургууль “герман сургууль” боллоо гэж өөрсдөө зарлаад байсан биш үү.
-Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулиудыг терроризмыг санхүүжүүлэх эх үүсвэр болдог хэмээн хаах, Засгийн газрынхаа мэдэлд авах зэргээр дарамт шахалт үзүүлж буй нь БНТУ-ын Ерөнхийлөгч Т.Эрдоан болон Фетхуллах Гүлен нарын хувийн таагүй харилцаатай холбоотой гэсэн яриа бий. Тиймээс “хонзогносон” үйл ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байна хэмээн Эрдоаныг олон улсын түвшинд буруутгасан нийтлэл, өгүүлэл дэлхийн хэвлэлүүдэд гарсан. Туркчүүд Ерөнхийлөгчдөө хэр итгэл үнэмшилтэй байж, хэрхэн ханддаг бол?
-Ерөнхийлөгч Эрдоан бол дэлхийд танигдсан том улстөрч. Дээр нь Монголд элэгтэй хүн. Та бүхэн анзаарсан бол тэрбээр өвөл дандаа “Говь”-ийн ноолууран цамц өмсдөг. Түүнийг засгийн эрх барих хугацаанд миний ажигласнаар Туркт дөрвөн том өөрчлөлт гарчээ. Туркийн боловсролын чанар эрс сайжирсан. Боловсролд зарцууулдаг төсөв нь өсөлтөөрөө хамгийн эхэнд явж байна. Эмнэлгийн үйлчилгээ нь хамгийн орчин үеийн түвшинд хүрсэн, үнэ төлбөр бага, маш чанартай.
Өөр нэг том ажил нь Турк улсаа Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагад өргүй болгож, эрүүл эдийн засгийг бүрдүүлж, бүхнийг дотооддоо хийх зорилт дэвшүүлсэн. Эцэст нь, дэд бүтцэд хувьсгал хийсэн байна. Турк одоо дэлхийн 17 дахь том эдийн засаг. 82 сая хүнтэй том зах зээл. Би ярилцлагынхаа эхэнд дурдсанчлан, тус улсын эргэн тойрны нөхцөл байдал амаргүй. Тийм байдалд улс орныг чанга гараар л удирдах хэрэгтэй гэдгийг туркчүүд саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээрээ харуулж, Эрдоаныг 2023 он хүртэл дахин сонголоо. Ямар ч улс орныг ойлгох хэрэгтэй. Ойлгохын тулд тулж ярилцах ёстой. Энэ бол гадаад бодлогын наад захын практик дүрэм. Түүнээс биш хэвлэлээр юу гэж бичих нь сонин бус.
-Тэгвэл Гүлен гэж хэн бэ, тэр сургуулиудын талаар Та юу хэлэх вэ. Фето гэдэг нь үнэхээр террорист байгууллага юм уу?
-Фето гэдгийг террорист байгууллага гэж хэн тодорхойлсон юм бэ гэж манай өндөр албаны хүмүүс хүртэл хэлэх гээд байх шиг байна лээ. Бүрэн эрхт ямар ч улс үндэснийхээ аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн хэнийг ч болов хэрхэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал, өөрөөр хэлбэл, дотоодынх нь хэрэг. Туркийн ҮАБЗ-өөс Гүлений хөдөлгөөнийг 2015 онд террорист байгууллага гэж албан ёсоор зарласны дараа Туркт төрийн эргэлт хийх оролдлого 2016 оны долдугаар сард гарсан.
Айхтар юм болсон шүү, Ерөнхийлөгч Эрдоаныг байрнаас нь хамгаалалтынхан авч гарснаас таван минтуын дараа босогчид дайран орж, буудлыг сүйтгэсэн. Парламентын ордныг бөмбөгдсөн, жандарм (дотоодын цэрэг), нисэх хүчнийхэн голлон оролцсон. Ерөнхийлөгч Эрдоан гар утсаар ард түмэндээ хандсанаар тэд гудамжинд гарч босогчдыг эсэргүүцсэнээр төлөвлөгөөг нь тасалдуулсан. Бослого үймээнтэй байсан хэд хоногт 250 гаруй хүн үрэгдэж, олон мянган хүн шархадсан.
Төрийн эргэлт хийх оролдлогын эзэн нь Гүлен, түүний удирддаг Фето хөдөлгөөн гэж Туркийн Засгийн газар үзэж, дээрхээс өөр ямар баримт хэрэгтэй вэ гэдэг. Бүрэн эрхт улсын байр суурийг бид хүндэтгэх ёстой. Туркийн албаны төлөөлөгч нар, Туркийн парламентад суудалтай сөрөг хүчний намууд бүгд л ийм байр суурьтай байхад бид урдаас нь “Фето бол террорист байгууллага гэж хэн хэлсэн юм бэ” гээд суух уу? Террорист хөдөлгөөнийг санхүүжүүлдэг нэг эх үүсвэр нь Гүлений сургуулиуд гэж үзээд, дотооддоо лав мянга гаруйг хаасан, сурагч, оюутнуудыг бусад сургуульд шилжүүлсэн.
Гадаадад байгуулсан 700 гаруй сургуулиас өнгөрсөн хоёр жилд гуравны нэгийг нь хаалгасан, мөн тооныхыг Засгийн газрынхаа мэдэлд шилжүүлж авсан. Үлдсэнийг нь шилжүүлж авах, эсвэл хаалгах хүсэлт, саналаа тухайн улсуудын Засгийн газарт тавьсан гэсэн. Гүлен гэдэг хүнийг исламын шашны “Мүүн” гэж харьцуулаад ойлгож болох. Мүүнийнхэн манайд ямар идэвхтэй байлаа. Террорист гэхээр зөвхөн буу, бөмбөг, халдлага, бослогыг хэлдэг юм биш.
Оюун санааны терроризм гэж бас байна шүү дээ. Хэнд ч мэдэгдэхгүй, илрүүлэх ч аргагүй, гэхдээ бусдыг насан туршид нь барьцаалдаг айхтар эд. Туркийн албаны хүмүүс хэлдэг юм, тэдгээр сургуулийн удирдлага танайд “дээгүүр” их нөлөөтэй гэж. Үүнээс гадна элсэлтийн төлбөрийг ч ялгавартай тогтоож, эцэг, эхийнх нь хашдаг алба, эрх мэдлээс шалтгаалан тодорхой хувиар хөнгөлдөг гэх, дээр нь тухайн улс оронд нь таарсан арга барилтай гэдэг юм билээ.
-Бусад улс энэ асуудалд нь хэрхэн хандаж байгаа бол, манай хөрш орнуудад турк сургуулиуд бий юү?
…Террорист гэж үздэг хүн, байгууллагыг хамгаалалтдаа авсныг Туркийн Засгийн газар, удирдлага нь ер ойлгохгүй байгаа…
-Фето бол террорист байгууллага хэмээн Исламын хамтын ажиллагааны байгууллагын бүх гишүүн 50 гаруй улс хүлээн зөвшөөрч, түүний эсрэг Турктэй хамтран тэмцэхээ илэрхийлсэн. Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Фето байгууллагын талаар Европын холбооны байр суурьт зарим өөрчлөлт гарч эхэлсэн. ОХУ-д Гүлений сургуулиудыг лалын эктремист үзэл түгээдэг, дээр нь АНУ-ын тусгай албанд үйлчилдэг гэсэн шалтгаанаар 10-аад жилийн өмнө хориглосон. Үүний хүрээнд 44 сургуулийг нь хаасан. Харин зургаан сургуулийг нь л Татарстаны хараанд үлдээсэн. БНХАУ-д бол нээхийг зөвшөөрөө ч үгүй. Казахстанд байсан 30 сургуулийн 26-г нь төрийн мэдэлд шилжүүлсэн байна лээ.
-Монголд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулийн захирал Вейсел Акчайг эх оронд нь албадан аваачихаар өнгөрсөн долдугаар сарын 27-нд нутаг дэвсгэрт нь явуулсан үйл ажиллагаанд Монголын тал саад болсон хэмээн БНТУ-ын Засгийн газраас буруушааж Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд танд ноот бичиг гардуулсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлэн мэдээлнэ үү?
-За, арай ч ноот бичиг өгөөгүй ээ. Туркийн тал Монголд долдугаар сарын 27-нд болсон тэрхүү явдалд ямар ч холбогдолгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, хэзээ ч тийм үйлдэл хийдэггүй гэдгээ нотолж, байдал ийм байхад Монголын тал Туркийн Засгийн газар холбоотой мэт ойлголт төрүүлсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн. Манай ГХЯ-ны хэвлэлийн мэдээнд их эмзэглэж байна лээ. Ер нь бол Гүлений сургуулийн хэдхэн хүн манай олон нийтийн санал бодлоор тоглож орхилоо шүү дээ.
Туркийн тал хүн хулгайлах гэсэн мэт ойлголтыг олон нийтийн сүлжээгээрээ цацсан, түүнд нь манай ГХЯ автах шиг болсон. Ер нь аливаа шийдвэрийг батлагдаагүй яриа, шуугианд биш, судалгаанд түшиглэж гаргах ёстой гэж бид мөн ч их ярьж байгаа шүү дээ. Дараа нь нөгөө хүн нь “Биднийг хамгаалалтдаа авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ард түмэнд баярлалаа” гээд хоёр талын харилцааг бүр хутгаж орхисон.
Одоо Туркийн албаныхны хэлж буйгаар манай хууль хяналтынхан Туркийн тал террорист гэж үздэг хүн, байгууллагыг хамгаалалтдаа авсныг Засгийн газар, удирдлага нь ер ойлгохгүй байгаа гэж хэлсэн. Дээр нь манай цагдаагийн байгууллага халдашгүй дархан эрхтэй гадаадын Элчин сайдын гэрт нэвтэрсэн. Туркийн тал надаас тайлбар нэхэж байгааг яах билээ. Хэрэв манай дипломат төлөөлөгчийн газарт ийм үйлдэл гарвал би юу хэлэх билээ. Одоо тэр хүмүүс Монголын ард түмэнд тийм л хайртай юм бол нэн даруй нутаг дэвсгэрээс нь явах хэрэгтэй шүү дээ.
-Тэр явдлаас үүдэн одоо хоёр талын харилцаа төвөгтэй болж байна гэж ойлгож болох уу. Томилогдсоноосоо хойш бүтэн жилийн хугацаанд хийсэн ажил тань талаар болох нөхцөл үүссэн гэсэн үг үү. Өдгөө Турк улсад Монголын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч сурч байна вэ, тэдний асуудалд энэ үйл явдал нөлөөлөхгүй биз дээ?
-Туркт барагцаагаар таван мянган монгол иргэн ажиллаж, суралцаж, амьдардаг. Энэ тоо нэмэгдэх хандлагатай. Амьдрал нь янз бүр, гэхдээ л ар гэртээ мөнгө гуйвуулж, тус нэмэр болж байгаа шүү дээ. Истанбулд суугаа ерөнхий Консул Э.Мөнх-Очирын дэмжлэгээр монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг Б.Мөнхмаа гэдэг эмэгтэйн ахалдаг “Монгол ахан дүүс” ТББ байгуулагдаад бараг хоёр жил ажиллаж байна.
Тэд монгол хүмүүстээ ажлын байр олж өгөх, баримт бичиг авахад нь тусалдаг. Тэдний хэлж буйгаар Туркийн цагаачлалын алба монгол иргэдэд элэгтэй ханддаг гэсэн. УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үеэр Монгол, Туркийн Засгийн газар хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрийн төслийг С.Эрдэнэ гишүүнийг сайд байхад анхлан тохиролцсон юм. Хэрэв УИХ-аас баталбал Туркт байгаа манай иргэдэд их хэрэг болно. Туркийн тал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй нэг сарын хугацаатай визгүй харилцан зорчих нөхцөлийг манай иргэдэд гурван сар болгон сунгах боломжтой тухай санал тавьсан.
Эцэст нь хэлэхэд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар ярилцсан “Өнөөдөр” сонинд баярлалаа. Нөхцөл байдал ийм болсон байхад ирэх онд 50 жилийн ой тэмдэглэх ч юм уу бүү мэд дээ, ямар ч байсан Турктэй харилцахад бид үлэмж анхаарал тавих ёстой. Дээр нь турк хэл эзэмшсэн, соёл, сэтгэлгээг нь таньсан хүний нөөц бидэнд бүрдлээ.
Турк бол нөлөө нь өсөн нэмэгдэж байгаа, эдийн засгийн асар их чадавхтай, 2023 онд тэмдэглэх Бүгд Найрамдах Улсынхаа 100 жилээр бараг бүхнийг дотооддоо хийдэг, дэлхийн эхний арван том эдийн засгийн нэг болох зорилт тавьсан, манай стратегийн түнш улс төдийгүй биднийг ойлгодог ах дүү ард түмэн гэдгийг онцлон хэлье. Замын хэдэн хүний эрх чухал уу, эсвэл Турктэй тогтоосон харилцаагаа эрхэмлэх үү гэдгээ бид бодох ёстой.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
5 comments
Hutsdag haltar be
толгойдоо алчуур зүүж урт банзал өмсөж шашныхаа ёсыг дагаж байгаа хасаг хүүхнүүд үнэгүй сурдаг гэсэн. БАЯНСЭЛЭНГИЙН ОХИН ҮНЭГҮЙ СУРДАГ БАЙЛГҮЙ. ИХ ӨМӨӨРӨӨД БАЙСАН.
ene neg erguu chini mongol ulsiin elchin yam uu turkiin tuluulugch yam uu uuriin ulsiig hamgaalah baital gadnii ulsiin erih ashgiig hamgaalaad baih yam neg uls uuriin daisnaa terrorist geed zarlahaar bid duuraigaad terrorist geed hashgiraad baih uu bid uuriin tolgoigui hen negen ulsiig duuraih estoi yu ene maliig erguulen tatah hergtei noen erunhiilugchuu
Туркийн засгийн газрын террорист гэж үзэж байгаа хүнд анхаарлаа хандуулж цаг алдаж байхаар иргэд бид өөрсдийн орны дээд албан тушаалтнуудын авлигын асуудлыг шуурхай хугацаанд шийдвэрлэн дуусгасан дээр байх. Терроризм, авлигын эсрэг тэмцэх нь улс бүрийн үүрэг болсон.
ТЕГ-ыг удирдаж байсных юмуу, хэн бүр мэдээгүйг үнэхээр нарийн ширийнийг маш сайн гярхай судалж мэдсэн байна