ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин удахгүй нэвтрүүлэх гэж байгаа тэтгэврийн системийн шинэчлэлийг дэмжихийг иргэддээ хандан уриаллаа. Тэрбээр Сталины үед анх тогтоож байсан тэтгэврийн насыг өөрчлөхгүй бол хүн ам зүйн ноцтой асуудал үүсэхээр байгааг онцолсон. Хэрвээ яаралтай шинэчлэлийг хийхгүй бол улс орны эдийн засаг доройтож, хэт инфляц бий болж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн тайлбарлажээ.
В.Путин төв телевизийн сувгаар 30 минут үг хэлэхдээ тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбоотой сөрөг үзэгдлээс сэргийлэх арга хэмжээ авахаа бас амласан байна. Мөн анх танилцуулж байсан хувилбартаа бага зэрэг өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 55-аас 63 болгох гэж байсныг 60 болгон бууруулсан бол эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60-аас 65 болгох анхны хувилбарыг хэвээр үлдээснээ мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн дээрх шийдвэр санал асуулгаар Оросуудын 90 хувийн эсэргүүцэлтэй тулгарч, орон даяар хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн бөгөөд рейтинг нь сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрсэн юм.