Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ. Тус газарт “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийх юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн хүргүүлэхээр болов.
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс 2018 оны хагас жилд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэв. “Иргэд олон нийттэй харилцах төв”-д оны эхний хагас жилд нийт 8,593 иргэн хандаж гомдол, хүсэлт саналыг бичгээр болон биеэр, утсаар, цахимаар ирүүлсэн байна. Үүнээс 7,897-г хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Тэдний 52 хувь нь санал, 39 хувь нь гомдол гаргасан бол 2 хувь нь шүүмжилж, 7 хувь нь талархал ирүүлсэн байна.
Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс БНТУ-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. БНТУ-д Монголчууд олноор зорчихын зэрэгцээ ажиллаж, амьдарч, суурьшиж байна. 2013 оны байдлаар тус улсад 2,471 Монгол Улсын иргэн бүртгэлтэй амьдарч байсан бол 2016 онд 4,000 болж өссөн байна. Үүнтэй холбоотойгоор Монгол, Турк иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин шаардагдаж байна. Иймд, нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрхзүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, 2 оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмуудыг тусгасан 36 зүйлтэй хэлэлцээрийн төслийг боловсруулаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.