УИХ-ын хаврын чуулган завсарласан энэ үед гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзаж, зарим нь орон нутагт очихдоо бэлэг тарааж, төрийн ордон эл хуль байна. Хамгийн сүүлд Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт нутгийн иргэдэд данх, хивс тарааж сугалаа хүртэл зохион байгуулсан нь олны шүүмжлэлд өртсөн. Түүний энэ үйлдлийг Н.Учрал гишүүн зөв хэмээн дэмжээд “гишүүд бэлэг тараах нь байх ёстой л үзэгдэл” хэмээн тайлбарласан.
Түүний хувьд ч бас өнгөрсөн өвөл СХД-ийн 23 дугаар хорооны 100 гаруй өрхөд нүүрс тараасан. Тэрбээр шаардлагатай бол энэ өвөл ч нүүрс тараахад бэлэн гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Ард түмний амьдрал бэрхшээлтэй, хүнд хүчир байгаа учир миний хувьд шаардлагатай үед мөн баяруудаар тойргийнхоо иргэдэд тусламж үзүүлдэг. Үүнийг болъё гэсэн ч иргэд өөрсдөө хүлээдэг. Амьжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдийнх нь хичээлийн хэрэгслийг бэлдээд өгөхөд маш их дэм болдог. Зургаан сарын 1-нд хүүхдүүдэд бэлэг тарааж, урлагийн багахан тоглолт өгөхөд хүүхдүүд маш их баярладаг. Надаас тусламж хүссэн өргөдлүүд ч иргэдээс ирдэг. Өвчин зовлонд шаналсан нэгнээс тусламж хүссэн тохиолдолд цалингаасаа 50 мянган төгрөг өгөх бол миний хийдэг л ажил. Би үүнээсээ санаа зовдог ч үгүй” хэмээжээ.