Венесуэлийн хүн амын 7 хувь буюу 2.3 сая хүн 2014 оноос хойш гадагшаа дүрвэснийг НҮБ тооцоолжээ. Дүрвэгсдийн ихэнх нь хөрш Колумби, Эквадор, Бразил, Перу улсуудыг зорьж, тухайн улс орнуудынхаа нийгэм, эдийн засагт хүнд дарамт учруулж байна.
Энэхүү дүрвэгчдийн урсгалыг Африкаас Европыг зорьдог гол зам болоод байгаа Газар дундын тэнгис орчмын нөхцөл байдалтай ижил хэмжээнд хүрснийг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан олон улсын байгууллага мэдээлжээ. Энэ долоо хоногоос эхлэн Перу улс Венесуэльчуудад босго тавьж, хүчинтэй гадаад паспортоор нэвтрүүлэх болсон. Өмнө нь иргэний үнэмлэхтэй байхад тус улсын хилийг давж болдог байв.
Одоо Перуд нийтдээ 400,000 дүрвэгч байгаа юм. Эквадор улс мөн адил арга хэмжээ авахаар төлөвлөж байсан ч Андын орнуудын хэлэлцээр ёсоор бусдын зорчих эрх чөлөөг хаахыг хориглодог тул асуудалтай тулгараад байна. Одоо Эквадорын хилээр өдөр бүр 4,000 дүрвэгч нэвтэрч, нийт Венесуэльчуудын тоо 500,000 хүрээд байгаа юм.
Эквадор улс өөртөө ноогдох дүрвэгсдийн ачааллыг сааруулахын тулд Венесуэльтэй шууд хиллэдэггүй Перу улс руу Колумбын хилээс шууд зорчих автобус ажиллуулж байгаагаа “хүмүүнлэгийн корридор” гэж нэрлэж байна. Бразилын хилийн Рорайма муж Венесуэльтэй залгаа хилээ энэ сарын эхээр хаасан ч шүүхийн шийдвэрээр буцааж нээгээд байгаа. Энэ мужид өдөрт 500 дүрвэгч Венесуэлиэс ирж байна. Эдгээр 2.4 сая дүрвэгчийн 1 сая гаруй нь хоол тэжээлийн гүн дутагдалтай байгааг НҮБ мэдээлжээ.
Өнөөдөр Венесуэльд хэт инфляц жолоогоо алдаж, 26 хоног тутамд бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж байна. Энэ эрчээрээ байвал 2018 он дуусах үед нэмж 800,000 хүн Венесуэлиэс дүрвэнэ гэж НҮБ тооцоолжээ. Gallup байгууллагын гуравдугаар сард явуулсан судалгаагаар Венесуэлийн залуу үеийнхний 53 хувь нь эх орноосоо бүр мөсөн явах хүсэлтэй байгаа нь харагдсан юм. Венесуэлийн инфляц энэ оны сүүлээр 1,000,000 хувь хүрнэ гэж ОУВС тооцоолоод байна.
Эх сурвалж: Quartz
1 comment
Венесуэлээс Венесуэлд гэж бичнэ