МҮЭ-ийн холбоо ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр олон төрлийн ажил зохион байгуулах үүрэгтэй улсын хэмжээний бүтэц бүхий, олон арван жилийн туршлагатай, материаллаг бааз, боловсон хүчний асар их нөөцтэй томоохон байгууллагын хувьд нийтэд үзэгдэж харагдахуйц тодорхой ажил зохиохгүй.
Гагцхүү эмч, багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлаар бүтэн жилийн турш ажил хаялт байн байн зохион байгуулж байгаа нь даанч харамсалтай байна. Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө эмч, багш нарын цалинг жил бүр нэмэгдүүлж байх зорилт тавьж, олон төрлийн арга хэмжээ авч байна. ОУВС-гийн зөвлөмж, донор орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллага, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн идэвхтэй ажиллагааны үрээр Монгол Улсын эдийн засаг 6.1 хувиар өсч, валютын нөөц гурван тэрбум төгрөгт хүрч, улсын төсөв ашигтай гарсны үрээр нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэж боловсрол эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгааг манай ард түмэн харж байгаа билээ.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар ирэх сарын 1-нээс эмч, багш нар болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлэх, үүний дотор бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн асрагч, сувилагч зэрэг хүмүүсийн цалинг илүү хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тэгэхдээ тэдний ажилласан хугацаа, ажлын үр дүн, мэдлэг, дадлага туршлага, ажпын онцлог зэргийг хүн бүр дээр харгалзан үзэж цалингийн нэмэгдлийг бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалинг 12-20 хувиар, сувилагч нарын цалинг 30 хувиар нэмэхээр болсон.
Гэтэл энэ шийдвэрийг эсэргүүцэж есдүгээр сарын 3-нд сургууль цэцэрлэгүүдийн хичээл эхлэх өдрийг тохиолдуулан орон даяар ажил хаялт зохион байгуулна гэж МҮЭХ-ны бүх удирдлага санал нэгтэйгээр мэдэгдэл хийв. Энэ өдөр мөн эрүүл мэндийн ажилтнуудыг ажил хаялтад оролцуулахаа бас мэдэгдэв.
Энэ жил бүх нутгийг хамарсан усархаг аадар бороо удаа дараалан орсноос сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгууд цахилгаан сантехник, орчны тохижилтын зэрэг байгууламж, анги танхимд засвар ихээр шаардлагатай болсон байна. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжид оруулах зорилт тавьж есдүгээр сарын 1 гэхэд есөн цэцэрлэг, таван сургуулийн барилга-өргөтгөлийг дуусгаж хичээл эхлүүлэх, цаашид 2019-2020 он гэхэд улсын хэмжээнд 140 цэцэрлэг барих зорилт тавьж, энэ зорилтыг биелүүлснээр цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм.
Саяхан Боловсролын шинэ хуулийг баталсан бөгөөд энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлснээр энэ онд шинээр нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд элсэн суралцах гэж байна. Түүнчлэн сурагчдын формын хувцас, хичээлийн хэрэглэлүүдийг сайн бэлтгүүлж хичээл эхлүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах гээд шил шилээ дарсан асар ачаалалтай ийм үед багш нарыг ажил хаяхад уриалж байгаа нь үнэхээр цагаа олоогүй, маш хор уршигтай үйлдэл гэдгийг боловсрол, эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтан, эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Хөдөлмөрийн хуульд ажил хаялт зохион байгуулах тухай эрх зүйн үндсийг тодорхой заасан байдаг. “Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн ажил олгогч, ажил хаялт зохион байгуулж байгаа талууд урьдчилан тохиролцож олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд ажил хаялт зохион байгуулах үед нийгмийн дэг журам, хумүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө хамгаалах талаар арга хэмжээ авсан байна” гэж заасныг аль аль талаасаа анхаарах хэрэгтэй юм. Төрийн тусгай албаны ажилтнууд болон эрүүл мэндийн ажилтнууд ажил хаялтад оролцохыг хуулиар хориглосон заалт байдаг.
Гэтэл энэ оны хавар МҮЭХ-ноос санаачлан эмнэлгийн асрагч, сувилагч нарыг мөн цалингаа нэмэгдүүлэхийг шаардуулан ажил хаяулж, эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хорооны дарга Мягмар гэгч тэмцлийн хурц хэлбэр хэмээн нэгэн ахмад насны эмэгтэйн үсийг хяргаж, монгол ёс уламжлалыг умартаж, уйлж гашуудаж олны шившиг болж байгаа дүр зургийг олон нийтийн телевизээр харуулж байв. Монголчууд “Үс сайхан бол зүс сайхан” гэдэг.
Эмэгтэй хүүхдийн сэвлэг үргээхдээ ч одоо энэ уламжлалыг баримталж үсийг нь бүрэн авдаггүй. Манай орны зарим нутагт эмэгтэй хүний унаган үсийг бүрэн авалгүй үлдээсэн байдаг. Энэ уламжпалт ёсыг ажил хаялт зохион байгуулагч бодолцох ёстой байсан. Энэ онд Улаанбаатар болон Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Сэлэнгэ, Ховд зэрэг бараг бүх аймагт урдаас тааж мэдэх аргагүй хүний хүчнээс давсан усархаг ширүүн бороо байн байн орж олон хүний алтан амь үрэгдэж, гэр орон, эд хөрөнгөө алдаж, ард түмний амьдралд нөхөж баршгүй хохирол учирсан билээ.
Үүний дотор Баян-Өлгий аймаг энэ аюулт үзэгдэлд бусдаас арай илүү нэрвэгдэж 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирч, Засгийн газар, улсын онцгой комисс, цагдаагийн байгууллагын удирдлагууд газар дээр нь ажиллаж учирсан хохирлыг багасгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулсан юм.
Баян-Өлгий аймгийн ард түмэнд учирсан хохирлыг арилгахад нь гадаад дотоодын байгууллага, хүмүүс мөнгө санхүү, эд материалын ихээхэн хандив тусламж үзуулсний дотор МУЗН,Монголын бурхан шашинтны байгууллага зэрэг манай орны олон байгууллага, хувь хүн, халуун гараа сунгаж өглөг хандив өгсөн билээ.
Мөн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт асар хүчтэй, олон өдрийн ширүүн бороо, аадар орсны улмаас төмөр замын бэхэлгээ, шороон далан нурснаас үүдэн УБТЗ-ын зорчигч тээврийн суудлын галт тэрэг замаас гарч унан олон арван хүн хүнд хөнгөн гэмтэж, ОХУ-ын тусламж, УБТЗ-ын олон мянган ажилтны хүчээр богино хугацаанд сэргээн босгож хэвийн ажиллагаанд оруулсны гадна Айраг сумын олон айл өрх, албан газрынханд учирсан үерийн хохирлыг бүрэн арилгаж чадаагүй одоо хүртэл чадлынхаа хэрээр ажиллацгааж байна. Нийслэл хотод ч мөн ялгаагүй олон тооны айл өрх, албан газар үерт автсаныг нүүлгэн шилжүүлэх, үерийн ус зайлуулах, сэргээн босгох ажпыг үргэлжлүүлэн хийсээр байна.
Улс оронд байгалийн ийм бэрхшээл тохиолдож байхад МҮЭХ хандив өглөг өгдөггүй юм гэхэд харамссан сэтгэлээ ч илэрхийлсэнгүй Засгийн газрын эсрэг боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтны цалин нэмэхийг шаардан ажил хаялт зохион байгуулсаар байгаад харамсаад ч баршгүй. Монголчууд “Эвтэй байхдаа хүчтэй”, “Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг” гэсэн ахмадын үнэт сургаалыг ажлынхаа арга барил болгож ажиллахыг хүсье.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН АХМАД ГИШҮҮН Ц.НЯМАА
1 comment
Өнөөдөр МҮЭХ ажиллагсадыг төрийн эсрэг л турхирдаг болждээ.Зүй нь улс орныхоо эдийн засгийн чадавхи.боломжийг бага ч гэсэн харах хэрэгтэй баймаар.Олсон хэдийг нь цалин нэрээр тараачихаад,эсвэл ардчилсан намынхан шиг хувааж идчихээд энэ монгол чинь цаашаа яаж явах юм бэ