Цусны донор, элэгний донор, бөөрний донор гээд олон төрлийн донор амьдрал дээр байдаг. Гэвч та тархины донор гэж сонсож байсан уу. Хүний тархийг нэг хүнээс нөгөө хүнд шилжүүлэн суулгах боломжтой гэдгийг анагаах ухаан олон жилийн өмнөөс судалж, бодит боломжийг хайсаар иржээ.
Өнөөдрийн байдлаар тархины донорын сайн дураар хандивласан тархийг зөвхөн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглаж байгаа юм. Ялангуяа альцгеймерийн өвчнийг судлахад доноруудын тархийг ашигладаг аж. Харин хэн нэгний тархийг өөр хэн нэгэнд шилжүүлэн суулгадаг болохын тулд өнөөгийн анагаах ухаанд дахиад 15-20 жил хэрэгтэй хэмээн судлаачид өнөөдрийг хүртэл үздэг байв. Учир нь саяхныг болтол тархи судлаачдад нэгэн хэцүү бэрхшээл тулгардаг байсныг АНУ-ын эрдэмтэд амжилттай шийдвэрлэж чаджээ.
Тархины донор болохыг сайн дураараа зөвшөөрсөн хүнийг нас барсны дараа тархийг нь гаргаад авчих амархан боловч биенээсээ салсан тархи хоёрхон хоногийн дараа өмхийрөөд муудчихдаг аж. Тиймээс эзэнгүй болсон тархийг зориулалтын уусмалд хийх аргаар муутгахгүй байлгаж, улмаар судалгаа шинжилгээнд ашигласаар ирсэн хэдий ч энэ нь тийм ч сайн арга биш байлаа. Тэгвэл америк эрдэмтэд нас барсан хүний тархийг хасах 20-30 хэмийн хүйтэнд хөлдөөх замаар муутгахгүй байлгах аргыг бодож олжээ.
Ингэснээр хүний тархийг хэд бол хэд хоног муутгахгүй байлгаж, судалж шинжлэх боломжтой болж байгаагаас гадна донорын тархийг өөр хүнд шилжүүлэн суулгадаг болоход нэг алхам ойртож байгаа юм. Хүний тархийг тусгай уусмал бүхий өндөр хэмд хөлдөөснөөр тархины эд эсүүд биенээсээ салсны дараа ч гэсэн үхжихгүй, ажиллагаатай хэвээр байх боломжтой хэмээн энэхүү шинэ нээлтийг бодож олсон эрдэмтэд ихэд найдвар тавьж байна.
Шинжлэх ухаанд үргэлж шинэ нээлт, судалгаагаар манлайлдгаараа алдартай америк эрдэмтэд тархийг зүгээр нэг өндөр хэмд хөлдөөхөөс гадна олон жижиг хэсэг болгон жижиглээд тус тусад нь хөлдөөх боломжтой гэж үзэж байгаа аж. Учир нь ингэж олон жижиг болгосон тархийг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах боломжтой гэнэ. Юутай ч дэлхийн анагаах ухаан ухаалаг эрдэмтдийн ачаар хүний тархийг шилжүүлэн суулгадаг болоход нэг алхам ойртлоо.
Эх сурвалж: NIH.com, Feedytv.com