Адуутай сүлдний тухай ярнхаасаа өмнөх үгийг нь жаахан санацгаая. Та бидний дээдийн дээд өвөг дээдэс Хүннүчүүд өглөө наранд, орой саранд мөргөдөг байсан гэдэг. Энэ бол тэнгэр үзэл сурталтай байсных буй за. Эдгээрийг Г.Занабазар гэгээн соёмбо тэмдгийнхээ оройд уламжлан залахдаа эрч хүч, энх мөнх хийгээд огторгуйн бэлгэдэл болгож галын нэг хэл залсан түүхтэй.
Эдүгээ түүнийг нь та бид өөрсдийн тусгаар тогтнолын бэлгэдэл болгож, төрийнхөө далбаанд залаад мандуулж байна. 2400 жилийн тэргээх удам хойч нь болсон Хиад Боржигон иргэд эрхт тэнгэрийн сэргэлэн, эрэлхэг, хурдан амьтан хэмээн цагаан шонхрыг дээдлээд, сүлдлэн тахиж явныг нь Их Монгол улс хийгээд суут Чингис хаан болон түүнийг залгамжлагсад ч үе улируулан эрхэмлэсээр ирсэн байна.
Энэ ч мөн л сав ертөнц болсон эзэн тэнгэрээ дээдлэн, шүтэх үзэлтэйнх буй за. Монголчууд ууц өгзгөндөө бусдаас онцгой хөхөлбөр мэнгэтэй төрдгөөр өөрсдийгөө тэнгэр заяатай гэдэг нь нэг онцгой ондоошил. Өрнө дахинд өрөөлийнхөөс арай тод хөхөлбөр судастай хүнийг эрхэм дээд язгуур угсаатай хэмээн ондоо хандаад байх шиг байдаг Тиймээс өвөг дээдэс маань хан тэнгэрээ шүтэх үзлийг шарын шашинд орон ортлоо дагаж байжээ.
Чухамдаа тэнгэр сурталтай явахдаа монгол туургатан толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлээд, тив тивийг дамнан, төр улсыг нь төвхнүүлж, түмэн олныг амаржуулан, зуу зуун онд өгссөнөөс биш уруудаж яваагүйг Монголын төдийгүй дэлхийн түүхчид бичиглэн үлдээсэн нь зөндөө. “Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өгэлүн эхийн төрхөмд, Олхунууд иргэн нагац нараас нь охин гуйя хэмээж авч одов.
Явах зуураа Цэгцэр Чихургу хоёрын завсарт Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав. Дэй сэцэн үгүүлрүүн: “Есүхэй худ юунд зорьж явна?” хэмээсэнд, Энэ хөвүүндээ нагац нар Олхунууд иргэнээс охин гуйя гэж явна” хэмээжээ. Дэй сэцэн үгүүлрүүн: “Энэ хөвүүн чинь нүдэндээ галт, нүүрэндээ гэрэлт хөвүүн байна. Есүхэй худ би энэ шөнө зүүд зүүдлэв. Цагаан шонхор нар сар хоёрыг атган нисч ирээд, гар дээр минь буув. Энэ зүүдээ бусдад эс үгүүлсэн ажгуу. Наран саран хоёрыг бид харж, үздэг бөлгөө. Ямар сайныг үзэх бол хэмээсэн нь Есүхэй худ чамайг энэ хөвүүнээ дагуулж ирэхийг энэ зүүд минь мэдсэн ажээ.
Зүүд сайн зүүдлэв. Юун болбаас, шонхор нь таны Хиад иргэний сүлд ирж заасан ажээ. Тийм аваас Хүннүгийн сүлд ч, Хиад иргэний сүлд ч тэнгэр угсаатай, тэнгэр үзэлтэйн тэмдэг буюу. Адууг яагаад, өнөөгийн бидэн шиг сүлдлээгүй юм бэ гэвэл таван хошуу малаас тэмээ хонь адуу гурвыг гэр амьгүй, эзэндээ хөндий, цаашаа толгойтой амьтан гэдгээс улбаалан, бэлгэдлийг нь бодож тэгсэн гэдэг Нөгөө хоёр нь адилхан л бэлчээрийнх атлаа хот, хүн хоёртоо өөриймсөг, наашаа толгойтой, хүнээр бол тахимдуу амьтад.
Тиймээс ямааг монголчууд “буяны түрүүнд ирж буяны сүүлд буцдаг” хэмээн их бэлгэшээдэг Үхэр бол бусдаасаа илүү өөр хоорондоо маш эвсэг амь нэгтэй, дөлгөөн, түүн шиг ухаантай нь ховор. Жинхэнэ малчин хүн үүнийг андахгүй. Та биднийг “Үхэр монгол, үхэр шигээ тэнэг” гэж хочилдог нь манай хамгаас ээлгэй сүргийг эзэнтэй нь хамт гутаагаад алс нь үхэргүй болгох гэсэн дотор газрынхны ов мэх гэх нь ч бий. Ногоонд цадсан монгол үхрийн баас 40 гаруй эмт бодистой учраас яс ургах мэтийн өвчин засахад тустайгаас гадна гурван он элээсэн хөх аргалыг нь арцнаас хүчтэй бодис хэмээн учрыг нь мэдэх нэгэн одоо хэр утлага ариутгалд хэрэглэж байна.
Шарын шашны ном, гүрэм мэтийн засал зан үйлийг ямар ч үхэр өдөр хийх, хийлгэхэд цээргүй гэж Тансан багшийн жаран жил-хоногийн ялгалд номлосон нь тохиолдлын хэрэг биш байх. Дээр үгүүлснийг баталсан нэгэн явдлыг уламжилъя. Үүнийг ярьсан эрхэм бол Монгол Улсын ардын зураач, сийлбэрч Лэгшидийн Чуваамэд гуай. Түүнийг бага ахуйд буюу 1940-өөд оны эхээр тэдний тэрүүхэнд Архангайн Лүн сум гэгчийг байгуулах буудал үзэж, шав тавихаар морьтой, явган хэдэн хүн хөдөлсөнд мань хүн дагаад харайлгачихаж гэнэ.
Шаваа тавьчихаад буцаж явтал нэг хижээлдүү хүн нөгөөдөө “Манай Лүн ч удахгүй байхаа даа, хө” гэсэнд цаадах нь “Харин тийм ээ, хө” гэж гэнэ. Балчир байсан болохоор мань хүн дальдраад, “Яагаад?” гэх сачий хүрсэнгүй. Нээрээ тэгсэн чинь байгуулсан сум нь ганц хоёр жил болоод, татан буугдсанаар хэдэн овгор шороо үлджээ. Одоо ч Лүнгийн туурь гээд жаахан овгордуу шороо Хар хорины тэрүүхэнд байдаг гэнэ.
Цаг нар талийхад мань хүн цэргээс ирээд, Хархориныхоо Залуучуудын эвлэлийн үүрийн дарга болжээ. Нэг өдөр багын явдал амилах нь тэр. За байз, нөгөө хоёр маань байгаа бил үү? гэсэн чинь ашгүй нэг нь байна гэнэ. Анаж явтал, нэг өдөр түүнтэйгээ тааралдаж дээ. Мэнд усаа мэдэлцэн, өвгөн ч хөөрөг даалин болоод, сүрхий сайхан уулзацгааж гэнэ. Тэгээд мань хүн: Танаас нэг юм асуух гэсэн юм. Тээр жил, намайг бага шигээ байхад хэн гуай та хоёр Лүн сумын шав тавилцаад, буцаж явсан.
Та хоёрын дэргэдүүр өнгөрөхөд таныг “Манай Лүн ч удахгүй байхаа даа, хө” гэхлээр хэн гуай “Харин тийм ээ, хө” гэж билээ. Тэр ямар учиргай юм бэ? гэвэл тэрээр, “Үгүй ээ, чи мөн сүрхий хүн ээ. Тэр олон жилийн урьдах юмыг… Аргагүй л дээ, хө. Адууны толгойгоор шав тавчихсан юм чинь” гэдэг байгаа.
Намайг гайхан: “Болдоггуй юм уу?” гэсэнд “Адуу гэдэг амьтан буянт малын минь нэг ч гэлээ, хеөрхий, угаасаа л бидний дээдэс цаашаа толгойтой, гэр амьгүй, тогтворгүй амьтан гээд, толгойгоор нь шав тавьдаггүй заншилтай юм л даа. Хэт нь муу юм гэнэ билээ. Тэгээд л тэр” гэв. Дээдсийнхээ уламжлалыг сэргээн, цагаан шонхроо сүлдлэн залахаас ондоо ямар ч мэх байхгүй. Сүүлчийн төрийн сүлд тэмдэг батлахад цагаан шонхор залахаар тогтоод байтал зурагч, зохиолч хоёр муудалцаад, түүнээс болж адуу залах болсон талаар Болдбаатар академичийн ярианаас дуулаа л биз дээ.
Зохиогч, зохиолч хоёроос ч болоогүй байх аа. Аливаа юм нэг буруудахлаар мууд муухай, муухайд улцан нэмэр гэгчээр цаанаасаа л үйлс нь бүтдэггүй юм гэдэг. Олсон, орсон бүхэн нь юм болж тогтдоггүй айл байдаг даа. Бидний улс тийм болчихжээ. Төр, түмэнд маань шүглэсэн энэ байтугай муухай юм бий. Ядаж нэгээс нь ч гэсэн ангижрахыг дээдэс доодосгүй мэрийгээсэй.
Энэ бол ачтай тустай адуун сүргээ адалж байгаа хэрэг биш. Юм үнэнээрээ байж, уламжлалаа дагах учиртай. Бид ёс алдсан шүү! Хүннүгийн үед эрийн гурван наадам хийдэг байсан ч одооных шиг цадигаа алдаагүй юм шиг билээ. Харин Манжийн эрхшээлд орсноос эхпээд буюу морь уралдуулан, магтан дуулж цоллох ёс Өндөр гэгээнд даншиг хэмээх бат оршил өргөсөн 1697 оны наадмаас хойш найр наадмыг хавтгайруулах тийш нь төрийн бодлогоор зүглүүлсэн ч гэдэг нь ортой. Түүхч Галдан туслагч “Эрдэнийн эрхи”-дээ: “Бонхор донир гэгч ламын морь түрүүлсэнд “Түмний эх” цол өргөөд, дархан чин вангаар шүлэг, дуу зохиолгон, ая барьснаас морь цоллох, магтах ажил үүссэн” хэмээжээ.
Ер нь сүлд, шүтээнээ махалж идээд, тамлан зовоогоод байдаг улс манайхаас ондоо газар байдаг болов уу? Энэтхэгчүүд л дээдлэн шүтдэг үхрээ алж идэх нь байтугай, хэвтэж байхад нь үргээлгүй, тойроод л гарч харагддаг. Энэ нь биднийг цагаан сүүгээрээ тэжээн тэтгэж хүн болгосон эхтэйгээ зүйрлэдгийнх юм гэнэ билээ. Үхрийн мах идсэн хүнийг таван жил шоронд хийх хуультай болсон гэсэн. Тэдний хууль-гууль биш шүү дээ.
Тэгэхэд бид нийслэлдээ энд тэндгүй л махыг нь, айрагтай нь холиод гүзээлж зусдаг Естой ой гутмаар. Энэ мэтийн ёсон бусын явдлаас болоод, дээдэс маань гол нь адуугаа биш, мөнх тэнгэрийн шонхрыг сүлдлэн тахисан байж таарна. Тэглээ гээд дээдэс маань эндүүрээгүйг буурал түүх гэрчилнэ. Юмны наад цаадыг гадарладаг болсон цагаас хойш улс орондоо болсон явдлыг тунгаах дор төр, түмний маань үйлс нэг л бишидсэн байна Бид ийм баян оронд, цөөхүүлхнээ байж байж үүнээсээ хэд дахин сайхан амьдрах байсан.
Монголчууд үйлс нь бүтдэггүй нэгнийгээ “тэнгэр нь хаясан амьтан гэх юм уу, муу хүнийг зүхэхдээ тэнгэр нь хаямар” гэдэг. Тийм болохоор манай төр, түмний тэнгэр нь холдоход энэ ч ташуур өгсөн нь мэдээж. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болсон нь энэ. Учир, шалтгаангүй юм гэж орчлонд байдаггүй нь үнэн биз дээ. 1990 оноос хойш шашин суртал дахин мандахлаар Далай багш дэргэдийн мэргэдээ дагуулан дөрвөнтөө мориллоо.
Манайд ч тоогүй олон хутагт хувилгаад тодорлоо. Бөө, удгад ч олширлоо. Үндсэн хуульд маань “шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн тул төрөө төвшин, түмэн олноо амгалан байгаасай хэмээн сахиус, онгодондоо даатган залбирдаг л байж таарна. Тэгсэн ч бидэнд нүүрлэсэн цөвийн цагийн үйлийн үрийг тасалж дийлэхгүй байна. Тиймээс л энх жаргалыг заяагч эрдэм ухаанд дурлахаас илүү өнгө, мөнгөнд жолоо алдраад, өрөнд баригдан, өндийх сехөөгүй болоод байна.
1930 оны арванхоёрдугаар сарын 8-нд Х.Чойбалсан ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын орлогч В.Деканозовтой албан ёсоор уулзаж, ирсэн хэрэг зорилгоо түүнд албан ёсоор танилцууулж, Сталин болон бусад удирдагчдад уламжлахыг хүссэн байдаг. Ингээд 1940 оны нэгдүгээр сарын 3-ны 20 цагт И.Сталин, Б.Молотов, К.Ворошилов, Л.Берия, В.Деканозов нар Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг Кремлийн ордонд хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын талаар Х.Чойбалсан өврийн дэвтэртээ шинэ үсгээр товч тэмдэглэл үлдээжээ.
Мөнхүү энэ уулзалтын орос протокол эдүгээ ОХУ-ын нийгэм, улс төрийн архивт буй бөлгөө. Энэ уулзалтын үеэр БНМАУ-ын шинэ үндсэн хуулийн талаар товч яриа болоход И.Сталин шинэ сулдний төслийг үзээд, Монгол Улс газар тариалангийн орон биш, тариа их тарьдаггүй байж юунд ийм сүлдтэй байх вэ, ер таарахгүй. Монгол Улс бол мал аж ахуйн орон. Чингэхлээр мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй, түүнийг тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино гэжээ.
Уулзалтын төгсгөлд “Манай улсын сүлдэнд Чингис хааны тугийн дурсийг оруулж болох уу?” хэмээн асуусанд И.Сталин “Болно, хамаагүй. Урьд цагт адууны дэл, сүүлээр ч цэргийн туг, манжлага хийж явсан байдаг юм” гэжээ. 1940 онд хуралдсан БНМАУ-ын их хурлаас баталсан II Үндсэн хуулиар улсын сүлд тэмдгийг өөрчилж, шинэ сүлд тэмдгийг тоггоон заажээ.
Энэ Үндсэн хуульд зааснаар “БНМАУ-ын сүлд тэмдэг дугуй хэлбэртэй, дунд нь Монгол Улсын хангай, тал, говь нутгаар нарны зүг уургаа барин давхиж яваа морь унасан ард байх бөгөөд дугуйны хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямаа зэрэг таван хушуу малын толгойг хоёр талаар зурж, дугуйн дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хошуу тэмдэг байрлуулсан байна. Сүлд тэмдгийн туузан дээр хуучин монгол үсгээр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж бичсэн байхаар тогтоожээ.
Уламжлал судлагч Утгач Овгийн Ц.Цэрэн-Очир