МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд өнөөдөр тайван жагсаал хийж байна. Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа.
МУИС-ийн сургалтын төлбөр 2018-2019 оны хичээлийн жилд нэг кредит тутам 15-23 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Энэ нь нэг семестрийн 18 кредитийн хичээлээр тооцвол хоёроос дээш ангийн оюутнуудын төлбөр салбар сургуулиасаа хамаараад 200-500 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа тухай МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн, Бизнесийн сургуулийн оюутан Г.Мандах сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр энэхүү “Монгол Улсын их сургууль нь бусад хувийн болон улсын их сургуулиудтай харьцуулахад өндөр төлбөртэй.
Одоо шинэчлэгдсэн төлбөрийн нэмэгдэл нь МУИС-д сурдаг 20 мянган оюутан, цаашлаад ар гэрт нь хүнд дарамт болж байгаа учир оюутнууд дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцэл илэрхийлж байна” хэмээн тайлбарлав. Оюутнууд тэмцлээ цааш үргэлжлүүлж, бодит үндэслэлгүй нэмэгдсэн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хүртэл бүх шатны байгууллагад хандахаа мэдэгдлээ. Сургалтын төлбөр нэмэгдсэн МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэнгээс тодруулахад Тэрээр “МУИС-ийн сургалтын төлбөрийн шатлал өөрчлөгдөж, шинэчлэн батлагдсан.
Өмнө нь курс бүрийн сургалтын төлбөрийн хэмжээ өөр байсныг нэгтгэж, ерөнхий суурь болон мэргэжлийн хичээл гэж ангилагдах болсон юм. Тиймээс салбар сургууль бүрийн төлбөр харилцан адилгүй 0.4-28 хүртэлх хувиар нэмэгдсэн. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төлбөр нийтдээ 28 хувиар нэмэгдсэн мэтээр бичиж буй нь буруу мэдээлэл юм. МУИС-ийн хувьд жил бүр нэмэгдэж буй инфлияцийн өсөлттэй уялдуулан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хэмжээгээр төлбөрийг нэмэгдүүлсэн” гэлээ.
[fbvideo link=”https://www.facebook.com/soninmn.agency/videos/686161121749992/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]