Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбаатарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ. АТГ-аас түүнийг өнгөрсөн долдугаар сарын 23-нд баривчилж, 30 хоног саатуулах хуулийн хугацаа нь өчигдөр дууссан юм. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байсныг ийнхүү шийдвэрлэжээ.
МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар нь уг албан тушаалдаа томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийсэн байдаг. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан зэрэг хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй өдий хүрсэн нь АТГ-ынхны хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй бололтой.