Өнөөдөр (2018.08.23) Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нар есдүгээр сарын 3-наас эхлэн орон даяар ажил хаяна гэдгийг мэдэгдлээ. Тус холбоо Засгийн газрын шийдвэрийг хүлээн авах боломжгүй тул ийм шийдвэр гаргасан байна.
Энэ талаар МҮЭХ-ны дэд дарга С.Эрдэнэбат “Засгийн газар өчигдөр улсын хэлэлцээрийн нэг тал дангаараа шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр нь 2018 онд олгох ёстой байсан нэг удаагийн мөнгөн тусламж, дэмжлэгийн 56.4 тэрбум төгрөгийг нийт албан хаагчид буюу төрийн үйлчилгээний албан хаагчдад хувааж 8-30 хувь нэмнэ гэж шийдвэр гаргажээ. Гэхдээ 30 хувийн нэмэгдлийг зарим мэргэжлээс хамаарч шийдсэн бөгөөд дийлэнх нь 8 хувиар нэмэх шийдвэр гаргасан.
МҮЭХ энэ гаргаж байгаа шийдвэрийг хүлээж авах боломжгүй юм гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс есдүгээр сарын эхнээс Боловсрол, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ажил хаялт, тэмцлийнхээ арга хэлбэрт хэвээрээ байгаа. Засгийн газарт бид бүхэн төсвийн тодотголоо хий гэж хандаж байна. ОУВС-ийн өгсөн зөвлөмжийн дагуу хэмнэж, танаж болох зардлуудаа тана. Өөр шилжүүлж болох олон зардлууд байгаа. Энэ нөөц бололцоогоо дайчлахгүйгээр урамшуулал болгон олгох байсан 56.4 тэрбум төгрөгөө хуваан олгож байгаа нь харамсалтай байна. Хэрвээ ингэж шийдэх байсан бол бид бүхэн өнгөрсөн хавар бид бүхэн энэ саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлаар есдүгээр сарын 3-наас орон даяар хамтын маргаанаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд Засгийн газар дахин арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ.