ОХУ-ын Уралын их сургуулийн эрдэмтдийн баг солирын хайгуул, судалгаа хийх зорилгоор Монголд ирээд байна. Экспедицийн ажил есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Улаанбаатараас Баруун-өмнөд говь, Баруун-өмнөд говиос Улаанбаатар гэсэн чиглэлд 4.000 км тайлбайд судалгаа хийх ажээ. Тус багийг ахлагч Александр Пастухович “Монголд их хэмжээний хур тунадас бууж байгаа учир ажиллах маршрутдаа өөрчлөлт хийх шаардалга гарах байх. Гэхдээ тухайн нөхцөл байдалд тааруулж зохих өөрчлөлтийг хийнэ” хэмээн ярилаа. Оросын эрдэмтэд Монголын одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран уг хайгуул, судалгааг хийх юм.
Уралын их сургуулийн эрдэмтэд солирын хайгуул, судалгааны ажлаараа Оростоо тэргүүлдэг байгууллага бөгөөд Антарктид болон Ираны Дешт Лут, Чилийн Атакамагийн цөлд судалгаа хийсэн арвин туршлагатай. Хайгуулаар олсон олдворуудаа Extra Terra Consortium хэмээх лаборатортой шинжилдэг. Тус лаборатор нь сансрын олдворуудыг шинжлэн судлах хамгийн том лабораторуудын нэг юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин