Өөрөө хийж үзээгүй, хийж чадахгүй зүйлээ л хүмүүс их муулж, шүүмжлэх юм даа. Намайг бага байхад манай аймагт тог байнга тасарна. Хүмүүс “Энэ муу дулааныхан ажлаа мэдэхгүй доголдол гаргалаа” гээд л муулж гарна. Нэг удаа аав маань тэдэнд туслах ажлын санал аваад явсан юм.
Аав шөнө ирж хоноогүй. Өглөө нь нүд нь мах шиг ув улаан болчихсон ирж билээ. Шөнөжин нүүрсний халуун галын дэргэд гагнуур хийж цурам хийлгүй хоножээ. Биднийг гэрэл цахилгаантай байлгахын тулд өчнөөн олон хүн яг л аав шиг шөнөжин ажилладаг. Нүд нь улайдаг, гар нь цэврүүтдэг. Энэ хорвоо дээр амархан ажил гэж байдаггүй. Харахад амархан мэт санагдах ч чи өөрөө гардаад хийвэл ямар хэцүүг нь мэдэрнэ.
Зураг дараад л явж байдаг зурагчинг гоё гэж боддог уу? Тэгвэл андуурчээ. Харахад жижиг ч камерыг удаан барихад маш хүнд, гар, мөр цаашлаад хүзүү чилнэ. Сайн зураг авахын тулд мөлхөж, хэвтэж, унаж мэдэх ирмэг рүү ч авирна. Шүүгчийн цалин өндөр, хахууль авдаг бла бла бла…. гэж муулна. Гэтэл ямар ч шийдвэр гаргасан аль нэг тал нь гомдолтой л үлддэг хэцүү ажил.
Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар ихэнх шүүгчийн нас барсан шалтгаан нь ходоодны хорт хавдар. Сэтгэл санааны байнгын дарамтаас энэ өвчин шалтгаалдаг. Хэлний хүн гэхээр л үгс нь үй зайгүй урсаж байдаг юм биш. Эхлээд бодно, бичих зүйлийнхээ талаар сайн мэдэхийн тулд уншина, хайна. “Одоо бич дээ” гэхээр л шууд лап хийтэл суугаад нөүтбүүкээ нүдээд гаргаад ирнэ гэж байхгүй шүү дээ..
Тиймээс шүүмжлэхээс урьдаар ойлгож суръя