Оросын хилийг санамсаргүй зөрчсөн Монгол эмэгтэйг эх оронд нь хүлээлгэн өгчээ.Тэрбээр Дорнод аймгийн Чулуунхороот сумын харьяат хэдэн найз нөхөдтэйгээ наргиж цэнгэж байгаад Улз голын хөвөөнд ганцаар үлдсэн байна. Халамцуу хэдэн нөхөд нь түнжин хагарч гэр гэр лүгээ харихдаа түүнийг мартсан байсан гэнэ. Голын эрэг дээр ганцаараа үлдсэн халамцуу эмэгтэй сум руугаа хүрэх замыг хайн харанхуйд төөрч шөнөжин алхсан байна. Ингэхдээ Соловьёвск тосгоноос гарах гэрэл, чийдэнг Чулуунхороот сумынх нь гэж андуурсан байжээ.
Үүр цайхын алдад Оросын хилчид Соловьёвск тосгоны ойролцоо явж байхад нь түүнийг саатуулж, төв байгууллагадаа хүргэн эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Забайкалийн хязгаар хариуцсан Хил хамгаалах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр тус эмэгтэй улсын хил зөрчсөн хариуцлагыг Монгол улсын хуулийн дагуу хүлээх гэнэ.
1 comment