Эртний хүмүүс багаж бэлтгэхэд хүчин чармайлт гаргадаггүй байжээ
Босоогоороо явдаг буюу хүн төрөлхтний анхны төлөөлөгчид залхуурал буюу хөдөлмөрийн нарийн багаж бүтээж чадаагүйн улмаас дараа үеийнхэндээ ялагдсан гэнэ. PLoS One сэтгүүлд антропологичдын нийтлүүлсэн өгүүлэлд ийм таамаг дэвшүүлсэн байна. Австралийн Канберра дахь үндэсний их сургуулийн профессор Кери Шиптон “Хүмүүс ямар нэг хүчин чармайлт гаргаж байгаагүй бололтой. Тэд суурин газрынх нь орчимд анх тааралдсан чулуугаар багаж хийж байсан нь багаж бэлтгэх материалаа хайж сонгодог байсан эртний Homo-гоос эрс ялгаатай харагдана” гэжээ.
Эрдэмтдийн тооцоогоор 3-25 сая жилийн өмнө бидний өвөг дээдэс Australopithecus-ээс Homo руу шилжих үед хүнсний хувьсгал хийгджээ. Үүнийг дагаад шүд, эрүүний хэмжээ жижгэрч, хоол боловсруулах эрхтэн болон хүнсний орц өөрчлөгдсөнийг шүдний изотопын шинжилгээгээр тогтоожээ. Энэхүү хувьсгалын маргаангүй үр дүн нь босоогоор явдаг хүмүүс (Homo erectus) юм. Тэд бол харьцангуй боловсронгуй ашелийн соёлд хамаарах хусуур, хасуур гэх мэт хөдөлмөрийн бүдүүлэг багаж хийсэн хүн төрөлхтний хамгийн эртний төлөөлөл. Homo erectus-ыг тойрсон нэг оньсого бол тэд сая орчим жил оршихдоо багаж хийх арга барилаа яагаад өөрчилсөнгүй вэ гэдэг асуулт.
Эрдэмтдийн тооцоогоор 3-25 сая жилийн өмнө бидний өвөг дээдэс Australopithecus-ээс Homo руу шилжих үед хүнсний хувьсгал хийгджээ.
Homo erectus-ыг тойрсон нэг оньсого бол тэд сая орчим жил оршихдоо багаж хийх арга барилаа яагаад өөрчлөөгүй вэ гэдэг асуулт.
Үүнтэй харьцуулахад неандерталь болон кроманьон хүмүүс хавьгүй богино хугацаанд багаж хийх дэвшилтэт арга боловсруулсан байдаг. Шиптон болон түүний багийнхан Саудын Арабын Саффках хэмээх газар 30 жилийн өмнө нээгдсэн Homo erectus-ын сууринг судлаад эртний хүмүүсийн ийм “хуучинсаг” байдалд энгийн мөртөө хачирхалтай тайлбар өгчээ. Түүний ярьснаар тухайн үед арабын хойгт элсэн цөл байсангүй, Африкаас гарсан эртний хүмүүс амьдардаг голын хөндий, саваннын бүс оршиж байв. Эртний туурийг үзсэн шиптон нэг сонирхолтой зүй тогтлыг нээжээ. Арабын археологичдын олсон бүх багажийг боловсруулахад түвэгтэй, хатуу нягт андезит хэмээх уулын чулуулгаар хийсэн байв. Саффакахын ойр орчимд чанар муутай, том жижиг андезит их хэмжээгээр тархсан аж. Ийм чулуулаг голын урсгалаар дамжин уулнаас бууж, суурины орчимд ирсэн бололтой.
Үүнээс үүдэн Homo erectus ууланд гарч, багаж хийхэд тохирох чанартай андезит цуглуулдаг байсан гэх таамаг дэвшүүлжээ. Гэтэл гайхалтай нь эртний арабууд ууланд гарч, чулуу түүх буюу ухаж авдаг байсан гэх ямар ч ул мөр илрээгүй байна. Шиптоны багийнхан Саффакахын өнцөг булан бүрээс олдсон багажийг харьцуулж үзээд шиптоны багийнхан тоо, хэмжээ нь голоос аль хэр зайтай болон ойролцоох андезитын овоолгоос хамаарч байгааг илрүүлэв. Гэхдээ бүх багажийг адил аргаар боловсруулсан тул бие биеэс бараг ялгагдахгүй байв. Үүнээс үзэхэд эртний хүмүүс хөдөлмөрийн багаж бэлтгэх түүхий эд олох гэж хүчин чармайлт гаргадаггүй байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ноён Шиптон “Саффакахын ойролцоо чанартай чулуулаг ихтэй толгод оршдог. Хүмүүс ийш тийш явахаас залхуурсан тул голоор ирсэн чулуулгийг ашиглаж байсан. Арабын хойг цөлжиж эхлэх үед тэдний залхуурал болон хуучинсаг сэтгэлгээ Homo erectus-ын энэ төрлийг мөхөхөд хүргэсэн байх” хэмээн тайлбарласан юм.
Эх сурвалж: ‘ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ’ СОНИН