Аливаа улсын нийслэлийн өнгө төрх тухайн орныхоо хөгжлийн төвшинг тодорхойлж байдаг. Манай улсын хот, хөдөөгийн өнгө төрх бие биеэсээ ялгараад байх зааг, ялгаа тун бага. Хөдөөд шавраа зуураад блокоороо хашаагаа тойруулдаг бол нийслэлийн аль ч дүүрэгт очсон зах замбараагүй олгогдсон хашаандаа ах дүү, үр хүүхэдтэйгээ бөөгнөрч амьдардаг хэв маяг бий. Хөдөөд хүн малгүй ээрэм талд эрх чөлөөтэй, дүрмийн бус хурдтайгаар уулгалан давхилддаг бол хотод ч ялгаагүй.
Аль ч сум суурин, аймгийн төвүүдэд очсон хэнбугай ч хашаа, байшингийн булан, ер хаана явна тэр газартаа буруу харж зогсоод “сарьчихдаг” бол нийслэлд ч ийм байдлаар морь хардаг хэв маяг бий. Та жуулчин байна уу, жирийн иргэн байна уу ер хамаагүй. Монгол орны аль ч аймаг, суманд очсон модон жорлонд тухлах бол XXI зууны метрополис хотод 220 мянган өрх уламжлалт модон жорлонтойгоо удаан амьдрах төлөвтэй байна.
Энэ мэт суурьшлын олон хэлбэр, хэв маяг нийслэл хөдөөд яг ижил байгаа юм. Үүн дээр бас нэг ижилсэл нь зөөврийн усны хэрэглээ. 2017 оны байдлаар нийслэлд шугамын усны 11 худаг, зөөврийн ус түгээх 300 орчим худаг гэр хорооллын гудамж талбайд ажиллаж байна гэх тоо гарчээ. 312 худгийн 20 орчим хувь нь Хонхор, Био, Сонгино, Баруун, Зүүн салаа зэрэг захын хорооллуудад байрладаг гэнэ. Үүн дээр нэмээд хашаандаа худагтай айлуудаа тооцвол худгийн тоо 1,000 нэлээд дөхнө гэсэн тойм судалгаа гарчээ.
Энэ бүхнийг тоочихын учир нь, айл өрхийнхөө тооноос хэд дахин илүү жорлонгийн асуудлаа нийслэлчүүд нэг тийш нь цэгцлэхгүй бол хөрсөөр дамжиж усанд нэвчих бохирдлоо хянаж чадахгүйд хүрчихлээ шүү хэмээн сануулах гэснийх. Мөн нийслэлийн удирдлагууд болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн байгууллагууд үүнд нэгдсэн байдлаар анхаараач хэмээн хошуу нэмэрлэх гэснийх юм.
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсрэх, алт хийсэн ч сэгсрэх байдлаар жорлонгийн асуудалд хандваас бид сониныхоо хуудсаар дамжуулан “00-ын стандартыг бий болгоё” хэмээн хашхирсаар л байх болно гэдгийг сануулъя. Нийслэлийн хэмжээнд 380 гаруй мянган өрх суурьшиж байгаагаас 164 мянга айл орон сууцанд тухалдаг аж. Энэ бол 2017 оны байдлаарх айл өрхийн суурьшлын нөхцөл байдлын судалгаа. Уг нь гэр хороолол руу чиглэсэн хэд хэдэн “сайн” хөтөлбөр хэрэгжиж байсан ч өдгөө санхүүжилтийн хувьд ч, эзэн хариуцагчийн тухайд ч чимээгүй болж царцсан.
Ийм ажлын тэргүүнд гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын төслийг дурдаж болно. Харамсалтай нь, амласан 24 байршилдаа аль ч компани нь ажлаа дуусгаагүй. Хэрэв, энэ ажил эрчтэй эхэлсэн шигээ дууссан бол өнөөдөр бид уламжлалт модон жорлонгоос ямар ч атугай 80 хувьтай салах байлаа. Жорлонгоос гадна “утаа эхэллээ” хэмээн улиглахааргүй байв.
Нийтээрээ гоё жорлонд тухалдаг, нийслэлийн иргэн гэдгээ мэдрэх нөхцөл бидэнд хэрэгтэй байна, Хотын дарга аа. Жорлонгоо сайжруулахгүйгээр монгол хүний эрүүл мэнд доройтсоныг, хүүхдүүдийн дунд газар авсан элдэв халдварт өвчин, нийгмийг бүхэлд нь хэрчихсэн харшил, бронхит, дотор эрхтний шархлаа гэх мэт өвчин гаарсныг яриад тусыг эс олох биш үү. Өөрөөр хэлбэл, ундаргыг нь олохгүйгээр урсгалыг нь самардаад хэрэггүй баймаар. Ил задгай 00, муу ус асгах нүхнүүдээ цэгцлэхгүйгээр метро барина, хэд хэдэн хот бий болгоно, аз жаргалтай Улаанбаатарыг бүтээнэ хэмээн цэцэрхээд ер хэрэггүй, С.Батболд дарга аа.
Бид гэр хороололд жорлонгийн асуудал ямархан гамшиг болж байгааг сурвалжлахаар Дарь-Эх орчмын айлуудын хашаатай танилцлаа. Энэ бүсийг сонгосон нь учиртай. Гэр хорооллынхоо тоогоор дээгүүрт нэрлэгддэг Дарь-Эх (Дунд буудал)-д хамгийн олон нийтийн байр, хөлсний байшин, элдэв засварын төвүүд төвлөрдөг. Мөн нэлээд тооны /удаг ажилладаг. Бид 052, 067, 068, 487 зэрэг худгуудыг тойрсон гудамж, айл өрхийн хашаагаар “аялсан” нөхцөл байдлын талаар энэ удаад сийрүүлье.
Иргэдийн хүсэлтээр хашааны тоотыг нууцалъя. Гэр хорооллын гудамж өдрийн цагаар уйтай, хөл хөдөлгөөн бага, хаа нэг хэдэн халтар жаалууд хашааны сүүдэр бараадан тоглож суух. 6-7 настай болов уу гэмээр охид өөрөөсөө насны хувьд зөрүүгүй шахам дүү нараа хөтөлж ээж, аавын үүргийг гүйцэтгэн тоглоцгоох. Хөлс нь божин бор арьсыг нь зам татуулан урсаж халтартжээ. Хөл нүцгэн, цээж хувцасгүй голдуу хөвгүүд хашааны сүүдэрт шороо ухаж, чулуу овоолж суух юм.
Эцэг эх нь байгаа эсэхийг лавлавал, нийтийн байранд амьдарцгаадаг гэв. Хашаанд “Өрөө хөлслүүлнэ” гэсэн бичиг бүхий хоёр давхар тоосгон байшингаас гадна хоёр алхаад л жорлонд орж болох гурван хаалга бүхий 00 байв. Бие засах газрын ардхан талд муу ус асгадаг нүх байрлах аж. Ивий хонгор үрс минь. Хэчнээн хэмжээний тоосжилт дунд торнино вэ. Хэр хэмжээний азотын хий үнэрлэж амьдарна вэ.
Хоёр ой гарантаа болов уу гэмээр хүү паацганаж явсаар жорлонгийн хаалганаас татаж зогссоноо хүний чимээнээр муу усны нүхний амсар дээр орхичихсон коршонкоо аваад эргэх. Энэ жил гуравдугаар ангид элсэнэ хэмээсэн годгор охин тэвэрч зогссон дүүгээ буулгачихаад жорлон оров. Гарч ирэхдээ амандаа зажилж байсан бохио гараараа татаж сунгаад дүүгээ үнсэхийг харах нэг тийм таагүй байв. Энэ бүхэнд хүүхэд буруугүй.
Томчууд бид эднийхээ амьдрах орчныг өөрчлөх гэж дорвитой санаачилга эхлүүлэхгүй байгаа нь эмгэнэл. Үүнээс ургуулан бодоход, хэчнээн аав, ээж жорлон орчхоод гараа угаахгүйгээр хүүхдээ үнсэж байгаа бол, хэчнээн том хүн жорлон гишгэсэн гутлаараа гэрийнхээ хоймрыг туучдаг бол, хэчнээн залуу, охид жорлондоо ялгадсаа орхиж, тамхиа татчихаад гэртээ ороод хоолоо хээв нэг тухлан иддэг бол, учир мэдэхгүй багачуудын хэд нь жорлонг жирийн бидний хэрэглээ хэмээн бяцхан ой ухаандаа жигшихгүйгээр дасгаж байгаа бол хэмээн бодохоор айдас төрнө.
Том том хөгжил ярьж агаарт дүүлэн нисээд яах вэ, эрх баригчид, эрүүл монгол хүний төлөө хэмээн уриалагчдаа. 300 мянга хүрдэггүй айл өрхийг нийтээр нь орон сууцжуулиа гэх мөрөөдөл нэгэнт биелэхгүйгээс хойш нийслэл хотын стандартад нийцэхүйц жорлонтой болох шинэ ажлыг эхлүүлээч. Ингэхгүй бол нийтийн байр хөлслүүлдэг хашаа бүрт 3-6 хаалгатай жорлон байна.
Ялгадастай газар ялаа, янз бүрийн амьтан үрждэг нь гарцаагүй учраас хамар цоргим эвгүй үнэр ханхийж хүүхэд өсөж торних орчин нийслэлд жилээс жилд дордсоор байгааг анхааруулъя. Үгүй ер нь тэгээд эхний жорлон нь дүүрэхээр хоёр дахь, гурав дахиа ухаад барьчихсан айлууд хэд хэд таарлаа. Хөрс бохирдуулах, амьдрах, орчныг доройтуулах, усны чанарт нөлөөлөх эрх нийслэлийн иргэнд байх ёстой юм уу. Энэ мэт жорлон тойрсон асуудлыг цувралаар хүргэх болно. Нийтийн эрх ашгийн төлөө нийгмийг өөд нь татах ганц ажил хийх хэрэгтэй бол тэр нь жорлонгийн стандарт байх ёстой, хотын дарга аа.