Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Хятад-Энэтхэгийн хил дагуу аялж байна. Түүний энэ аялалыг Бээжингээс эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ.
Далай лам зүүн хойд Энэтхэгээр аялж яваа бөгөөд замд нь Аруначал Прадеш муж багтаж байгаа нь Бээжинг бухимдуулж байгаа юм. Учир нь энэ мужийг Хятадын тал өөрийн газар нутаг гэж үзэн “өмнөд Түвд” гэж нэрлэдэг. Хятадын эсрэг, салан тусгаарлагч үзэлтэн гэгддэг Далай лам 1959 онд 23 настайдаа Хятадын армиас зугтан 13 хоногийн аялал хийж Хималайг давсны эцэст энэ нутагт ирж байсан түүхтэй. Энэ үед Энэтхэгийн хилийн харуул Нарен Чандра Дас Хятадын хилээр орж ирэх нүдний шилтэй залууг хамгаалж тосох үүрэг хүлээж авсан юм. Үүнээс хойш 60 жилийн дараа тэр Далай ламтай дахин уулзсан байна. Өнгөрсөн Ням гарагт зүүн хойд Энэтхэгийн Гувахати хотод тэдний сэтгэл хөдлөм уулзалт болжээ.
79 настай Дастай уулзсан Далай лам хамгийн түрүүнд “Таны царайг хараад би өөрийгөө бас хэр хөгширснийг мэдлээ” гэж хэлсэн байна. Уулзалтын үеэр ахмад дайчин Дасын чихэнд Далай лам ямар нэг үг хэлжээ. Сүүлд хүмүүс түүнээс дээрхийн гэгээнтэн юу гэж хэлснийг асуухад Дас “тэр надтай уулзсандаа баяртай байна гэсэн” гэжээ.