Хадгаламж зээлийн хоршоодын гашуун түүх мартагдаагүй байхад манайхан “биткоин” нэртэй криптовалютаар баахан занималдах шив дээ. Криптовалют гэдэг нь аливаа улсын төв банкнаас ямар ч баталгаа өгөөгүй валютыг хэлдэг. Тэгэхээр хэнтэй ч тооцоо хийх боломжгүй гэсэн үг. Мөн түүний ханш өсж ч болно унаж ч болно. Тэгэхээр эрсдэлийн хувьд нөгөө хадгаламж зээлийн хоршооноос ч аймаар юм шиг.
“Хэдий чинээ амархан ашиг олохыг шуналтана төдий чинээ луйварчинг тэтгэнэ” хэмээн Бенджамин Франклин хэлсэн байдаг даа. Үүнтэй холбоод тэртээ 1990-ээд оны нэгэн үйл явдал санаанд орох аж. Тухайн үед үүнийг бичигч бибээр ОХУ-д мэргэжил дээшлүүлж байсан бөгөөд Москва хотын дүүрэг болгонд шахуу орших “МММ” гэсэн хаягтай байрны гадаа маш олон хүн цугларан ямар нэгэн зүйлд дугаарлан зогсдог байсныг хараад чухам юунд ингэж хөл хөөрцөг болоод байгааг ойлгодоггүй байв.
Ямар ч байсан Оросууд манайх шиг хүнсээ картанд шилжүүлээгүй байсан юм. Хямдралтай худалдаа бас биш. Мөн “МММ” гэх компанийн учир нь үл ойлгогдох сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга явна. Хожим тэрхүү сурталчилгааны талаар их олон анектод гарсан юмдаг.
Харин миний энэ харанхуй байдалд манай хөрш Аля гэрэл гаргасан билээ. Түүний ярьсныг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол би “МММ” компанид жишээ нь 200 рубль өгөөд сарын дараа 400 болгож авах жишээтэй. Манай хадгаламж зээлийн хоршооноос ялгаатай нь хэрэв би өөр хэн нэгнийг дагуулж ирээд тэр хүн нь тодорхой хэмжээний мөнгө тус компанид оруулах юм бол миний авах 400 рубль илүү өснө. Энэ утгаараа ямар нэгэн бараа л байхгүй болохоос биш манайд борооны дараах мөөг шиг олшроод байгаа сүлжээний бизнэстэй ижил.
Аля өөрөө хэд хэдэн удаа мөнгөө өсгөөд авсан тухай яриад манийгаа ятгаж гарав. Би бараг зөвшөөрдөг дээрээ тулаад байтал Аля надад “МММ” компанийн үнэт цаасыг харуулдаг юм байна. Гаднах байдлаараа тэрхүү акц нь хуучин ЗХУ-ын арван рубльтай адилхан бөгөөд гагцхүү Ленины оронд “МММ” компанийн эзний дүрс зурайж байх нь тэр.
Яагаад ч юм миний инээд хүрээд явчихаж билээ. Магадгүй санхүү эдийн засаг, тэр дундаа үнэт цаасны ямар ч мэдлэггүйдээ тэгсэн биз. Тэгээд шуналгүйдээ бус зүгээр л эрсдэлд тун дургүй хүнийхээ хувьд тэгэх тусмаа хүний газар гээд татгалзсан юм.
Жилийн дараа Улаанбаатарт Оросын Төв телевизийн сувгийг үзэж суутал мэдээгээр “МММ” компанийн эзэн нөгөөх арван рубль шиг үнэт цаасан дээр зурайж байсан Сергей Мавроди гэгчийг залилангийн хэргээр баривчилсан тухай мөн “МММ”-д хөрөнгө оруулсан мянга мянган хүмүүс Оросын Засгийн Газрын ордны өмнөх талбай дээр цугларан мөнгөө нэхэж байгаа үйл явдал гарч байлаа.
Энэ бол манай хойд хөршид гарсан хамгийн анхны санхүүгийн пирамид байжээ. Санхүүгийн пирамид гэдэг нь ямарваа нэгэн идэвхтэй үйл ажиллагаанаас бус харин шинэ шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр орлого олох загвар юм. Олон тооны доод түвшингийн хүмүүс дээд түвшингийн цөөн хүмүүст мөнгөө өгдөг энэхүү санхүүгийн үйл ажиллагааны дүр зургийг геометрийн пирамид дүрс хамгийн тодоор харуулж чаддаг учраас ийм нэр оноожээ.
Пирамидад орсон шинэ хүн болгон дэд түвшинд гарах боломжоо нэмэхийн тулд мөнгө төлдөг. Мөн хувь хүртэх амлалтанд итгэн дараа дараачийн үйлчлүүлэгчдийг татан оролцуулснаар пирамидын түвшинг нэмдэг аж.
Байнга нэмэгдэх хөрөнгө оруулагчдыг удаан хугацаагаар мөнгөн хувиар хангах боломжгүй учир санхүүгийн пирамидын нөөц багасаж эхэлдэг байна. Иймээс ердөө хагас жилийн дараа гэхэд хөрөнгө оруулагчид өндөр хувь авах боломж нь хязгаарлагддаг аж.
Санхүүгийн амлалт нь өсөөд байдаг, харин мөнгөний нөөц нь багасаад байдаг. Цаг хугацаа явах тусам амласан мөнгөө эргүүлэн өгөх боломж улам цөөрч, санхүүгийн хүлээх үүрэг нь геометрийн хурдаар өсдөг ажээ. Мэдээж энэ нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг түгшээдэг агаад пирамидын суурь ганхаж эхэлдэг байна. Үүний үр дүнд үнэт цаас асар их арилжаалагдаж, цаашлаад үнэгүйдэлд хүрдэг ажээ.
Харин 2008 онд дэлхий даяар шуугиан тарьсан Америкийн Stanford Financial Group (Стэнфордын санхүүгийн бүлэг) санхүүгийн пирамид нь 15 жил болсон байдаг. Тэд өндөр хүү амласан барьцаат хадгаламжийн гэрчилгээ зарах энгийн аргаар нийт 65 тэрбум долларын хохирол учруулсан аж. Энэхүү Пирамидын толгой болох Бернард Медоффт АНУ-ын шүүх 150 жил хорих ял оноосон юм.
Хэзээ хаана анх санхүүгийн пирамид бий болсон юм бол?
Мөрөөдлийн орон гэгддэг Америк хэзээд олныг соронзон мэт татдаг билээ. Гэхдээ очсон болгон мөрөөдлөө биелүүлж чадаагүй нь харамсалтай. ХХ зууны эхэнд бараг орон болгоны луйварчид баяжих зорилгоор Америкийг зорьж байлаа. Тэдний ихэнхийн мөрөөдөл талаар болж өөрсдөө ор сураггүй алга болсон аж. Гэхдээ Америк тивийг сөхрүүлж чадсан сэргэлэн толгойнууд байсан юм. Тэдний нэг нь Чарльз Понци хэмээх итали эр билээ.
1903 оны хавар дөнгөж хорь хүрч явсан Чарльз Понци халаасандаа хоёрхон доллартай Америкийн Бостон хотын усан боомтод асар их найдлага тээсээр газарджээ. Тэрбээр угаагч, зөөгч, орчуулагч гээд маш олон ажил мэргэжил сольсон боловч баяжих гэсэн зорилгодоо хүрч чадаагүй аж.
Нэг удаа Чарльз Дэлхийн Шуудангийн холбооноос захидал хүлээн авчээ. Дугтуйн дотор захидлаас гадна үнэгүй хариу илгээхэд зориулагдсан маркаар сольж болох тасалбар байв. Италиас авсан марк валютын зөрөөгөөр АНУ-д зургаа дахин үнэд хүрэх юм байна гэдгийг Чарльз тэр дороо сэтгэжээ. Олон орноос мянга мянган төстэй захидал авбал ямар вэ? Саятан болох боломж байна шүү дээ. Гэвч энэ нь тийм амархан зүйл байсангүй. Тээвэрлэлтэнд бараг бүх ашиг үрэгдэх агаад асар их тооны маркийг зарах боломжгүй гэдэг нь ойлгомжтой болжээ. Понзи энэ сул талыг дороо олж харсан бол түүний дээрх аргыг сонссон хэн ч анзаараагүй ажээ.
1919 оны 12 дугаар сарын 29-нд Бостон хотын нэг сонины сүүлийн нүүрт “Шуудангийн тасалбарын ажиллагаа. Таны орлого -50%. Хугацаа 1,5 сар. Чарльз Понзи” гэсэн зарлал гарчээ. Ямар ч байсан Понзи өөрийнхөө нээлтээр яаж мөнгө олохыг ойлгожээ. Тэрбээр марк зарахгүй, харин “шуудангийн тасалбарын ажиллагаа” нь ердөө гэнэн хүмүүсийн хаанаас мөнгө олох юм гэсэн асуултанд тайлбарлах сайхан “зангуу” байлаа.
Чарльз хүнээс 200 доллар зээлэн ажлын байр түрээсэлж бичиг хэргийн эд зүйлс худалдан авчээ. Тэрбээр эхэндээ компаниа танилын хүрээнд сурталчилсан байна. Тэдгээр танилууд нь компанийн анхны хөрөнгө оруулагчид болсон нь мэдээж. Гэхдээ Понзи тэдгээр танилууддаа тасалбарыг яаж арилждагаа бизнесийн нууц хэмээн шалтгаалан тайлбарлаагүй аж. Маш богинохон хугацаанд баяжих хүсэлд автсан хүмүүс Понзид итгэн мөнгөө авчирч эхэлжээ.
Мөнгө авч эхэлснээс дөчин тав хоногийн дараа Понзи анхны хөрөнгө оруулагч нартаа тохирсон ёсоороо мөнгийг нь зуун тавин хувьтай буцааж өгчээ. Үнэндээ тэрбээр амласан шигээ шуудангийн тасалбарын арилжиж олсон ашгаасаа бус сүүлд ирсэн хүмүүсийн мөнгөнөөс өгчээ. Бүгд л Понзиг гайхамшигтай бизнесмен хэмээн магтан шаагих болжээ.
Хэсэг хугацааны дараа Понзи нэгэн туслагч ажилд авчээ. Учир нь тэрбээр ганцаараа бүх хөрөнгө оруулагчдыг бүртгэж амжихгүй болсон байна. Хөрөнгө оруулагчдын тоо улам өсөн Понзи бүхэл бүтэн баг ажилтантай болжээ.
Тухайн үед нэр хүндтэй байсан “Нью-Йорк Ивнинг Уолд” гэдэг сонин “Энэ залуу үнэхээр илбэчин юм. Та түүнд мөнгөө өгөөд дөчин тав хоногийн дараа хоёр дахин баяжих болно. Шуудангийн тасалбарын арилжаагаар сая саяыг олдог энэ суут залуу хүссэн болгонтой олсноо хуваадаг аж” гэж шагшин бичсэн байх юм. Маш олон хөрөнгө оруулагчид өссөн мөнгөө аваад эргүүлээд өгдөг байжээ.
Бостон хотын захиргаа яахаа мэдэхгүй байлаа. Учир нь иймэрхүү үйл ажиллагааг хоргилсон ямар ч хууль байхгүй байв.
Санхүүгийн пирамид нь шинэ шинэ хөрөнгө оруулагчидтай байж гэмээ нь живчихгүй байдаг аж. Энэ онцлогийг харин Чарльз Понзи мэдээгүй ажээ. Түүнд итгэж байсан хүмүүс хэдий асар олон ч мөнгөө хийчихсэн, харин шинэ хөрөнгө оруулагчид улам багассаар байв.
1920 оны зун “Бостон Пост” сонинд Понзигийн багт ажиллаж байсан нэг ажилтны ярилцлага хэвлэгдэн гарчээ. Тэрбээр дээрхи ярилцлагаараа Понзигийн санхүүгийн үйл ажиллагааны үнэн дүр төрхийг илчилжээ. Энэ үеэс эхлэн цагдаагийн байгууллага Понзиг нөхцөл байдлыг тодруултал шинэ хөрөнгө оруулагчдыг хүлээн авахыг хориглосон байна. Харин хуучин хөрөнгө оруулагчид болох бөөн хүмүүс мөнгөө авахаар зүтгэжээ.
Саятан болж амжсан Понзи хамаг мөнгө нь дууссан ч оргон зайлаагүй байна. Зугтах боломж түүнд байсан гэдэг. Ингээд арай хожуу мөнгөө өгсөн хүмүүс хоосон хоцрох нь ойлгомжтой болжээ. Асар богино хугацаанд олсон асар их мөнгө олсон шигээ нүд ирмэхийн зуур алга болсон байна.
Понзи АНУ-ын хобооны Шуудангийн албатай холбоотой залилангийн хэргээр ял сонссон аж. Тэрбээр нийтдээ арван долоон мянган хөрөнгө оруулагчдыг мэхэлжээ.
Чарльз Понзигийн цаашдын амьдрал олон тооны баривчилгаагаар дүүрэн байсан гэдэг. Гэсэн хэдий ч сурсан зангаа тавиагүй байна. Нэг хэсэг нөхөр Бенито Муссолинигийн зөвлөх хүртэл болж байсан аж. Гэвч удалгүй тар нь танигдаж тус албан тушаалаасаа халагджээ. Амьдралынхаа төгсгөлд Понзи Бразилд англи хэлний багшаар ажиллаж нас барсан аж. Түүний дансанд ердөө далан таван доллар байсан гэдэг.
Понзигийн нэр Америкт төдийгүй дэлхий дахинд түгээд зогсохгүй одоо ч ялангуяа интернетээр борооны дараах мөөг шиг олширсон зальт этгээдийн гэмт хэрэгтэй ижил төстэй үйл ажиллагааг “понзи” гэж нэрлэдэг ажээ. Хамгийн инээдтэй ч гэмээр юмуу эмгэнэлтэй ч гэмээр юмуу зүйл нь энгийн иргэд өөрсдөө урьдын адил үй олноороо энэ аймшигт пирамидыг босголцсоор байгаад юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
4 comments
Миний монголчууд сонгууль сүлжээ 2- т л алуулаад ерөөсөө хаширахгүй юмдаа.
ene onecoin gej bas yumand mongolchuud iheer orj bnaa. boliosoi bileedee. heseg nuhduudiig bayajuulj bga shu de zailuul.
бүр нэлээн гайгүй хүмүүс хүртэл орос хэлний занаа багш энтэр сүлжээнд орчихсон цохиж явах юм. хэцүү ч юмаа даа зайлуул
Шуналын Пирамид – updown.mn
aqwlsivogp
[url=http://www.gl8fi76z7l63bv2tw6kg2218atz171n9s.org/]uqwlsivogp[/url]
qwlsivogp http://www.gl8fi76z7l63bv2tw6kg2218atz171n9s.org/