Олон нийт, бодлого боловсруулагчдын дунд Монголбанк инфляциас гадна ам.долларын ханшийг заавал анхаарч, хянаж байх ёстой гэх ойлголт бий. Гэвч бодит байдалд Монголбанк нь валютын ханшийн хувьд зөвхөн “зарлагч” бөгөөд ханшийг тодорхойлох, тогтворжуулах үүрэг Засгийн газарт илүү төвлөрдөг.
Өөрөөр хэлбэл, валют оруулж ирэх, том төслүүдээ хөдөлгөх, хөрөнгө оруулалт татах бодлогыг Засгийн газар оновчтой хэрэгжүүлж чадвал Монголд орж ирэх валютын урсгал нэмэгдэж, улмаар ханш тогтворжих суурь нөхцөлийг бүрдүүлдэг аж. Тэгвэл төв банк ханшийн талаар ямар үүрэг, оролцоотой байх талаар зарим эдийн засагчийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төв банк валютын ханшийг онилж бодлого явуулдаггүй.
1996 оноос эхлэн Монгол Улс чөлөөтэй хөрвөдөг валютын ханшийн дэглэмд шилжсэн юм. Үүнээс хойш Төв банк валютын ханшийг зарладаг болсон. Түүнээс биш валютын ханшийн бодлого явуулдаггүй. Валютын ханшийн хэлбэлзэл бол төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны балансын илэрхийлэл. Тиймээс төлбөрийн тэнцэл дээр Засгийн газар болон Монголбанк хамтарч ажиллах ёстой. Ялангуяа Засгийн газрын оролцоо 80-90 хувьд нь байдаг.
Гадаад худалдааг дагасан валютын урсгалын хэмжээ, тэнцэл ямар байгаагаас шалтгаалаад валютын ханш хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, халууны шилэн дээр нь зааж буй заалт нь валютын ханш, халууруулж буй шалтгаан нь төлбөрийн тэнцэл. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Монголбанк өмнөх жилүүдэд “Валютын ханш эдийн засгийн суурь нөхцөлтэйгөө нийцсэн уян хатан тогтох зарчмыг баримтална” гэж зааж ирсэн. Үүнээс ч өөр аргагүй. Монголбанк өнөөдрийн Монголын валютын ханшийн асуудлыг дангаар шийдэж чадахгүй.
Тэгэхээр улс төрийн талынхан буюу Засгийн газар ажлаа сайн хийх хэрэгтэй. УИХ-аас Монголбанкийг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн ямар төсөл, хөтөлбөр, бодлогын шинэчлэл хийж чадах юм бэ гэдгийг бид хүлээх ёстой. Монголбанк доллар хэвлэж чадахгүй. УИХ үнэхээр томоохон төслүүдийг хөдөлгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг зөв зүйлүүдийг хийж, Засгийн газар эдийн засгийг сэргээх, өрийн дарамтаас гарах үйлдлүүдээ зөв хийвэл Монголбанкны ачаа харьцангуй хөнгөрнө.Тийм учраас валютын ханшийн асуудлыг дан ганц Монголбанк руу түлхэх боломжгүй. Монголбанк төгрөг хэвлэж чадна. Доллар хэвлэж чадахгүй.
Эдийн засагч Б.Түвшинтөгс: Жилийн жилд Их хурал дээр мөнгөний бодлого хэлэлцэх болгонд “Ханшийн тогтвортой байдал хаана байна вэ” гэх маргаан өрнөдөг. Гэтэл онолынхоо хувьд ханш тогтвортой байна гэдэг нь үнэ тогтвортой байна гэсэн үг биш.
Тэгэхээр энэ хоёр зорилго бие биетэйгээ зөрчилдөх тохиолдол их байдаг. Ялангуяа манайх шиг валютын урсгал нээлттэй байдаг улсын хувьд ханшийн савлагаа их. Энэ савлагаа болгон дээр мөнгөний бодлогыг зохицуулна гэвэл асуудалтай. Өөрөөр хэлбэл, үнийг тогтвортой байлгах зорилготойгоо зөрчилддөг. Энэ утгаараа зөрчилтэй зорилго тавьдаг байсан. Үүнийг нэг тийш болгож, Монголбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал болгох шаардлагатай байсан.
Эх сурвалж: Монголбанк