Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт буюу Цэргийн ангийн ойн бүсэд нутаглаж буй Буянт багийн малчин Б.А-ын хотонд малын гоц халдварт “Боом” өвчний шинж тэмдэг илэрч аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр гарсан шинжилгээний хариугаар батлагдсан байна.
Үүнтэй холбогдуулан аймаг, сумын Онцгой комисс удаа дараа шуурхай хуралдаж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Юуны түрүүнд хорио цээрийн бүсийг тогтоож, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн бүрэлдэхүүнийг томилон 24 цагийн хяналтын пост ажиллуулж байна.
Энэ хүрээнд малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавьж, голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулах зэрэг ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттайгаар хийж гүйцэтгэж байгаа ажээ.
Мөн ард иргэдэд малын гоц халдварт “Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, малын түүхий эд, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх, Буянт голын хөвөөнд боомоор өвчилсөн мал үхсэн тул усанд орохгүй байхыг анхаарууллаа. Мөн иргэдийг мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг санууллаа.