Өнөөдөр 10:00 цагт УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болох тов зарлагдсан. Тус хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах бөгөөд улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун, хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцох аж.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй юм. Эрүүгийн хуулийн 12.1.1-д: Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.