Дэлхийн Банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нар хамтран “Улаанбаатар хотын цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадавхтай зам, тээврийн хөрөнгийн менежментийг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх аяныг иргэдийн дунд 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл зарлаж байна. Тус аян нь иргэдийн оролцоотойгоор semantic segmentation буюу зураг дахь объект таних технологийн тусламжтайгаар Нийслэлийн гудамж зам талбайн мэдээлэл бүрдүүлж, үнэлгээ хийн, авто замын ашиглалтын түвшинг тодорхойлсон суурь мэдээллийн сан бий болгох зорилготой.
Цаашлаад авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад шаардлагатай хөрөнгө оруулалтын урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн авто замын ашиглалтын хугацааг уртасган, авто замын сангийн хөрөнгө оруулалтын үр ашиг дээшлэх боломжтой болох юм. Аяныг Даян Дэлхийн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Сэргээх Сан (GFDRR) болон Даян Дэлхийн Авто Замын Аюулгүй Байдлын Сан (GRSF)-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна.
Аянд оролцогчид гар утсандаа “Mapillary” аппликейшн суулгах шаардлагатай ба өөрийн зорчиж буй авто замын зургийг зааврын дагуу авч оруулах юм. Хамгийн идэвхтэй оролцогчдоос эхний гурван байрт шалгарсан оролцогчдод хамтран санхүүжүүлэгч төслийн багаас мөнгөн шагналаар, удаах таван байрт шалгарсан оролцогчдод Mapillary-гийн үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулна.
Дашрамд дурдахад, Mapillary нь компьютер вишн технологийг ашиглан гудамж, авто замын зураг дахь объектуудыг автоматаар таньж, авто замын байгууламжийн цахим мэдээллийн сан боловсруулахад ашиглагддаг үнэгүй аппликейшн юм.