Хэвлэл мэдээллийн байгууллагуудад төрийн шахалт дарамт үзүүлсэн Африкийн сүүлийн улс Мозамбик боллоо. Энэ сарын сүүлээр тус улсын эрх баригчдын боловсруулсан шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд төдийгүй хувь сэтгүүлч нар засгийн газарт өндөр хураамж төлөхөөр болж байна.
Өнөөдөр Мозамбикт гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь төрийн мэдэлд байдаг. Харин хувийн, чөлөөт мэдээллийн суваг ажиллуулах гэсэн хүмүүст томоохон босго бий болжээ. Жишээ нь шинээр радио станц ажиллуулах лиценз $35,000-ийн төлбөртэй болж байна. Шинэ хуулинд нийцүүлэхийн тулд одоо ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд авсан лицензийнхээ зөрүү болох $34,500-$69,000-ыг нэмж төлөх хэрэгтэй болжээ.
Шинэ телевизийн суваг нээх лицензийн үнэ $52,000 болсон байна. Мөн Мозамбикт ажиллаж байгаа гадаадын сэтгүүлч нар жил бүр доод тал нь $8,600-г төлж тус улсаас мэдээ бэлтгэх эрхтэй болох юм. Дотоодын чөлөөт сэтгүүлчид доод тал нь $500-г жил тутам төлөх ёстой болжээ. Ингэснээр Мозамбикийн иргэдийн олон эх сурвалжаас мэдээлэл авах эрх боогдож, зөвхөн төрийн мэдээллийн хэрэгслүүдээс өөр сонголтгүй болж байна.
Үүнийг нь 2019 оны аравдугаар сард болох сонгуулийг угтуулан чөлөөт хэвлэл мэдээллийн амыг барих эрх баригчдын арга хэмжээ гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Ийм стратегийг Уганда, Танзани улсуудын эрх баригчид амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: Quartz