Агуу бүхэн эгэл байдаг гэх үг бий. Түүний адилаар олон эгэл хүмүүний хөдөлмөрийн үрээр аливаа улс орон, албан байгууллагын амжилт ололт цогцолж, түүх намтар нь зузаардаг. Өдгөө үүсэн байгуулагдсныхаа 20 жилийн ойг тэмдэглэх гэж буй Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангид тийм эгэл баатрууд олон.
Тэдний нэг ачаа вагон хүлээлцэгч А.Болормаа. Тэрбээр, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Шилжүүлэн ачих хэсгийн босгоор анх 1995 онд алхсан гэдэг. А.Болормаа уг нь Төв аймгийн уугуул. Эцэг эхээс 12-уулаа, өнөр айлын 11 дэх охин юм билээ. Барагтай үг амнаасаа унагахгүй энэ хүн багадаа бол айлын эрх танхи охин байсан гэнэ. Аав, ээж, ах эгч нартаа эрхэлнэ. “Заримдаа санасандаа хүрэхийн тулд нулимстай нүдээр аав, ээж рүүгээ харчихад л хамаг асуудал санаснаар болдогсон” гэж хүүхэд шиг цайлган инээх энэ эмэгтэй одоо ч ах эгч нартаа эрхэлсэн хэвээр гэж хүүрнэв.
Дунд сургуульд бол нийгмийн идэвхтэй нүүрэмгий охидын нэг байжээ. “Бүдүүн мөртлөө бүжиглэнэ, дуулна” гэж өөрийгөө шоолно. Тэрбээр, дунд сургуулиа төгсөөд Төв аймгийн “Уянга” гэж гэрийн мод хийдэг хоршоололд гэр хээлэх ажил хийдэг байжээ. Харин түүний ах А.Чойдорж, эгч А.Туул нар төмөр замчид. Хүүхэд байхдаа Налайх өртөөний даргаар ажилладаг ахындаа хааяахан зочлохдоо дотроо “Төмөр замын ажил гоё юм даа” гэж бодохоос цаашгүй явсан гэдэг.
Гэтэл зах зээлийн ороо бусгаа он жилүүдэд ажиллаж байсан газар нь үүдээ барихад хүрчээ. Харин 1993 оны сүүлчээр Замын-Үүдэд төмөр замын шинэ байгууллага байгуулагдаж, ажилчин авах тухай яриа гарчээ. Хоёр ч хүүхэдтэй залуу гэр бүлийнхэн ажил амьдралын мөр хөөн урд хилийн боомтыг зорьсон байна. Ингэж 1993 оны отгон өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд Замын-Үүдэд анх хөл тавьсан нь их тод дурсамж үлдээж.
Гэхдээ тэрбээр шуудхан ажилд орчихсонгүй. Тэнд бага охиноо төрүүлж нэг жил өнжөөд 1995 онд ажилд оржээ. Анх талбайн цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Тэр үед Улаанбаатарын АБТЭМА-ийн харьяа Шилжүүлэн ачих хэсэг байгуулагдаад байсан нь тэр. Хэсгийн дарга нь Ц.Зул, талбайн эрхлэгч нь Б.Энхбаяр, товарын кассир Б.Бадамдарь, пүүлэгч М.Мягмарсүрэн зэрэг цөөн хүнтэй. Түүн дээр Улаанбаатараас пүүлэгч, ачигч нар томилолтоор ирж ажилладаг байсан” гэж ярих нь А.Болормаа энэ хамт олны ууган ажилчдын нэг гэдгийг гэрчилнэ.
Тэрбээр, талбайн цэвэрлэгчээр ажиллахын хажуугаар тогоочийн ажлыг амжуулна. Дөнгөж байгуулагдсан хэсгийнхэнд бүхнийг өөрсдөө амжуулах их үүрэг ногдож байсан гэдэг. Ажил ч ихтэй. Тэгээд 1995 оны долдугаар сараас дагалдан пүүлэгч болж, удалгүй жинхэлжээ. Харин дараа жил нь мэргэжил олгох курс төгсөж, мэргэжлийн пүүлэгч болсон аж. Ийнхүү өдөр өдрөөр өсч дэвжиж, суралцаж, халуунд халж, хүйтэнд халгалгүй 23 жилийг ардаа хийсэн энэ хүн одоо хамт олондоо хүндлэгдсэн ахмад ажилчдын нэг болсон нь энэ. “Анх энд ирэхдээ удахгүй буцна даа гэж л бодож байсан.
Гэтэл одоо юун буцах, эндээ “гагнагдчихсан” гэж инээв. Гэхдээ амьдралд инээд, нулимс хослох үе зөндөө. Түүний хань 2003 онд тэнгэрт хальснаас хойш гурван хүүхдээ ажил амьдралд залгуулах гэж айл гэрийн бүхий л ачааг турьхан мөрөндөө үүрч зүтгэжээ. Амьдрал хатуудаа хатуу ч, зөөллөх үедээ алгаа дэлгэдэг хойно зовлон бэрхшээлийг давж гарчээ. Өдгөө хүүхдүүд нь бүгд ажил амьдралд хүрцгээн “үүрнээсээ” өрх тусгаарлаж, хот хүрээ бараадсан гэнэ.
Одоо тэрбээр ач, зээ хоёртой жаргалтай эмээ. Залуу байхад нийгмийн идэвхитэй байж. Одоо бол ажилдаа л хамаг анхаарлаа хандуулах юм даа. Залуудаа ажлын хажуугаар оёж, хатгах үйл үртэс хийж өөрийгөө, хүүхдүүдээ гоёдогсон. Одоо ч юм элбэг дэлбэг болчихоор бэлэнчлээд улам л залхуу болоод байх юм” гэж өөртөө шүүмжлэнгүй… “Та олон шавьтай юу” гэхэд “Бий, бий. Гэхдээ миний багш нар Б.Даваажав, М.Төмөрбаатар гэж хоёр мундаг пүүлэгч байлаа.
Анх намайг пүүлэгч болоход Даваажав багш “Пүүлэгч хүний нүд маш гярхай байх ёстой. Вагоны онгорхой цоорхой, нүх сүв юу байна, бүгдийг нь нягталж бай” гэж захьдагсан. Тэгж пүүлэгчийн ажилд суралцах гээд хүн дагаад гүйж явсансан. Гэтэл нэг л мэдэхэд шинэ хүн ирэхээр дарга нар “Та дагуулаад яв. Заагаад өг” гэдэг болсон байж билээ. Сүүлдээ албан ёсоор “Багш шавийн гэрээ” байгуулж ажилладаг болсон.
Тэгж гэрээ байгуулж албан ёсоор шавь орсон хүмүүсийн хамгийн ойрын жишээ нь манай ерөнхий инженер Б.Болдбаатар байна даа” гээд даруухнаар өгүүлнэ. Хамт олныхоо тухай яриач гэхээр “Манай хамт олон гоё шүү. Сайхан шүү” гэж тун товч хийгээд сэтгэл дүүрэн өгүүлнэ. Тэрбээр, байгууллагынхаа 10 жилийн ойгоор “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр энгэрээ мялаасан юм билээ. Ийм л эгэл хүмүүсийн гараар эгэлгүй гайхамшгууд сүндэрлэдэг дээ.
Б.Лхам
Эх сурвалж: “Ган зам” сонин
1 comment
ийм олон мянган хүнмүүс улс ороныг авч явдаг юм цүнх баригчид биш