УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын хүмүүс төмөр замын сэргээн босголтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан.
Осолдсон галт тэргэнд зорчиж явсан 328 хүнд эмнэлгийн үзлэг хийн, 81 хүн эмнэлгийн туслалцаа авсан байна. Зорчигчдоос хоёр хүний биеийн байдал хүнд, тогтвортой гэсэн оноштойгоор Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа хэлэхдээ “Ослын шалтгаан хүний хүчин зүйлээс бус, үер уснаас болсон учир хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх, өөрөө хариуцлага хүлээх асуудал ярих болоогүй гэж бодож байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол болсон тул би өргөдлөө өгөөгүй. ЗТХЯ-ны дарга нар золгүй явдалтай холбоотойгоор ажлаа өгсөн гэж ойлгож байгаа.
Хоёр хүний нэг нь 68 настай, нөгөө нь 48 настай. Одоогоор Говьсүмбэр аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна. Осол болсон үед цаг агаарын нөхцөл байдал хүндрэлтэй байсан. Тухайн үед хэдхэн минутын дотор 82 мм хур тунадас зурвас газраар буусан. 55 мм тунадас буусан үед гамшгийн байдал зарладаг. Урьд өмнө нь их хэмжээний бороо орсон учир хөрс усаар ханаж, их хэмжээний ус хөрсөөр гулсан орж ирж, төмөр замын суурь бүтэц рүү орсноос болж замын бүтэц эвдрэхэд нөлөөлсөн.
286-р гал тэрэгний бригад ослын газар хурдан шуурхай ажилласан байдаг. Тухайн үед машинчийн бригад яаралтай зогсолт хийх арга хэмжээ авч, цонхны шилээ хагалан гарч хүмүүсийг аварсны дараа өөрсдөө эмнэлгийн тусламж авсан байдаг. Өнөөдрийн байдлаар сүүлийн бүрэлдэхүүн осол болсон газрыг сэргээн босгох ажил хийж байна. Өнөөдөр орой гэхэд тухайн чиглэлийн вагоны хөдөлгөөн хэвийн байдал шилжинэ. Зорчигчдын болон тээшийн вагонууд цаашид ашиглагдах боломжгүй болсон.
Элэгдэлтэй вагон буюу 1963, 1974, 1978 оны вагонуудын насжилт дууссан. Өнгөрсөн долоо хоног хүнд өнгөрлөө. Үер усны аюулаас болж 747-р км газарт болсон ослын газар ажилласан штабыг өөрийн биеэр ахалж ажилласан. Иймд өөрийн ажлаас чөлөөлөгдөх, хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй” гэв.
[fbvideo link=”https://www.facebook.com/shuudmn/videos/284068718856902/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]