АНУ, Европын том компаниуд уг хөдөлгөөнд нэгджээ. Ундааны хуванцар соруулаас татгалзаж, оронд нь хулс ашиглах экологийн шинэ трэнд тархаж эхэллээ. McDonalds, Starbucks зэрэг Америк, Европын компаниуд болон засаг захиргааны нэгжүүд уг хөдөлгөөнд нэгджээ. Гэвч соруулын аюул юу вэ? Хуванцар материал байгаль орчинд нөхөшгүй хохирол учруулж, зэрлэг амьтдыг хөнөөж байгаа нь үнэн.
Гэхдээ үүнд соруулын хувь хэмжээ маш бага юм. Коста Рикагийн эрэг хавьд яст мэлхийн хамарт зоогдсон хуванцар соруулыг сугалан авч байгааг харуулсан дүрс бичлэг сүлжээнд тавигдсан явдал дээрх хөдөлгөөний эхлэлийг тавьсан байна. Эхлээд биологичид мэлхийн хамарт паразит хорхой орж, тархинд нь бэхлэгдсэн байна гэж боджээ. Гэтэл тайраад үзтэл коктейлийн соруул байсанд тэд ихэд гайхав. Соруул амьсгалын замыг хааж, амьсгалыг хүндрүүлж байсан гэнэ.
Эрдэмтэд 10 минут оролдож байж соруулыг сугалж аваад цэвэрлэгээ хийж, амьтныг буцаан тавьж буй бичлэг олны анхаарлыг татсан юм. Хуванцар соруул хэмжээгээрээ далайн хаягдалд их зай эзэлдэггүй ба зарим тооцоогоор тавны нэг орчим байдаг. Гэтэл соруулын хэмжээ, хэлбэр нь далайн амьтан ба шувуудад нэлээд аюул учруулдаг байна. тухайлбал, шувуудын 71 хувь, яст мэлхийн 30 орчим хувь нь ходоодондоо хаягдал хуванцар агуулж, тал орчим нь үүний улмаас үхдэг байна.
One Less Straw олон нийтийн байгууллагын мэдээгээр хуванцар хаягдал залгисны улмаас жил бүр 100 мянган далайн амьтан, нэг сая шувуу амиа алддаг аж. Ганц өдөр АНу-д хаягддаг хуванцар соруулын нийт урт дэлхийн бүслүүрээс 2.5 дахин урт. Европын холбооны орнуудад жилдээ 36 тэрбум ширхэг хуванцар соруул ашигладаг.
Гэхдээ байгаль хамгаалагчид зөвхөн соруулд анхаарах бус, хуванцар хог хаягдлын асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэхийг уриалж байна. дэлхийн далай тэнгист хаягдаж, гадаргуу дээр нь хөвөх хогны хэмжээ тасралтгүй нэмэгдсээр буй. үүний 80 орчим хувийг хуванцар хаягдал эзлэх ба хуванцар сав, загасны тор, тоглоомын хаягдлаас бүтсэн таван тэнгис үүсээд байгааг байгаль хамгаалагчид анхааруулав. NatGeo сэтгүүлд хуванцар хаягдал амьд байгалийг хэрхэн сүйтгэж байгааг харуулсан мэдээ, статитистик, зураг, өгүүлэл олноор нийтэлдэг.
Энд бичсэнээр далайд хаягдсан хуванцар хогны 80 хувь нь хуурай газраас ирдэг ба үлдсэн хэсэг нь хөлөг онгоцноос хаях буюу усан дээрх үйл ажиллагаанаас үүсдэг аж. Хуванцрын жижиг хэсэг нэг туйлаас нөгөө туйл хүртэл тархаж, туйлын мөсөн дотроос илэрчээ. ийм төрлийн бохирдол дэлхий нийтэд жилдээ есөн тэрбум ам.долларын хохирол учруулдаг байна. 2014 онд дэлхийн хэмжээнд 311 сая тонн пластмасс үйлдвэрлэсэн бол 2050 онд 1100 сая тоннд хүрнэ. үүнээс үлэмж хэсэг нь хог болж хаягдана гэдгийг тооцож үзвэл байгаль орчинд ямар хөнөөл учирч болохыг эрдэмтэд сануулжээ.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ