Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа “Тэстрейд” компанийн гүйцэтгэх захирал Л.Наранжаргалыг урилаа.
-“Тэстрейд” гэхээр шатахуун импортлогч компани гэж ойлгодог болов уу. Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-Манай компани 1996 онд байгуулагдсан. Гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл, газар тариалан эрхлэх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн “Хөвсгөл Алтандуулга” компанийн томоохон хувьцаа эзэмшигч. Бид үндэсний үйлдвэрлэл, худалдаа, газар тариалангийн салбарт ажиллаж байгаагийн хувьд улсдаа жишиг үйлдвэрлэл худалдааны салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.
–Тэгэхээр импортын чиглэлээр ажиллахад тулгамддаг ямар асуудал байна вэ?
-Импортлогч компаниудын хувьд татвар болон тээвэр ложистикийн асуудал тулгамддаг. Мэдээж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг экспортлох бодлого баримтлах нь зүйн хэрэг. Гэвч олон улсын төвшинд харвал бүх л орнуудад импортын бүтээгдэхүүн бий.
Түүнийг нь оруулж ирдэг аж ахуйн нэгж, хувь хүн гэж байх учиртай. Манай улсын хувьд ч энэ талын бодлого, хууль эрх зүйн орчноо дагаж мөрдөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, импортоор оруулж ирэх бүтээгдэхүүний нэр төрлийг тодорхой болох хэрэгтэй. Монгол газар тариалан, мал аж ахуйн орон гэгддэг. Бид хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломж бий.
Тиймээс хүнсний ногоог импортоор оруулж ирэх тал дээр төр бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй. Бүр тодруулбал, бүс нутгаас нь хамааруулан ямар бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр болон импортын бүтээгдэхүүнээр орлуулах вэ гэдгийг тодорхойлох учиртай. Энэ мэтчилэн аливаа зүйлийг тодорхой, ойлгомжтой болгох нь бизнесийнхэнд урт хугацаанд ажлаа төлөвлөхөд дөхөм болох юм.
–Ер нь бизнесийнхэнд нэн тулгамддаг асуудал нь татвар. Тэр дундаа импортлогчдын хувьд гаалийн татварт уян хатан зохицуулалт хийх шаардлагатай гэдэг юм билээ?
-Аль ч улсын хувьд эрүүл аюулгүй хүнсний хэрэгцээг хангах асуудал маш чухал. Бид ч ялгаагүй хүнсний үйлдвэрлэл, худалдааны салбарт ажиллаж байгаагийн хувьд энэ тал дээр илүү анхаарал хандуулдаг. Хэрэглэгчиддээ эрүүл аюулгүй хүнсийг нийлүүлэх нь бидний гол зорилго. Тэгэхээр улсын хэмжээнд ч ялгаагүй гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл гэж ялгалгүй эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал юм.
Түүнчлэн импортлогчдын хувьд ямар бүтээгдэхүүн оруулж ирж буйгаас хамааруулан татварын ялгаатай бодлогыг баримталж болно. Түүнчлэн бүсчилсэн татварын бодлогыг хэрэгжүүлж бас болох юм. Бидэнд зөвхөн үндэсний үйлдвэрлэгч гэж хэт туйлшралгүй импортлогчдыг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлого дутаж байна гэж хардаг.
–Импортлогч, экспортлогчдын хувьд урт хугацаанд тогтвортой хамтарч ажиллахыг чухалчилдаг гэдэг юм билээ. Гэхдээ энэ нь хэрэгжих шатандаа хүндрэл гардаг хэмээн бизнесийнхэн ярьдаг. Таны хувьд?
-Хамгийн энгийн жишээ гэвэл экспортод бүтээгдэхүүн гаргахаар тайлбарлая. Хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн ч хэрэгжих шатандаа “0” гэж болно. Тодруулбал, Засгийн газар эсвэл салбарын яамнаас тогтоол шийдвэр гарган тухайн чиглэлийг хориглох нь бий. Тэгэхээр экспортлогч, импортлогчдын хувьд тасралтгүй үргэлжлэх циклээр ажиллах горимыг баримталдаг атал тасалдал үүсэх нөхцөл бүрдэхээр асуудал гардаг.
Манай улсын хувьд аливаа зүйлийг төлөвлөхдөө том зургаар нь харахгүй байх шиг. Магадгүй богино, дунд хугацааны хэтийн төлвийг тодорхойлсон гэж хэлэх байх. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх агентлаг зэрэг газруудын уялдаа холбоо маш чухал. Түүнчлэн салбарын удирдах ажилтнаас гадна мэргэжилтнүүдийн уялдаатай ажиллах нөхцөл, урт хугацаанд төлөвлөсөн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр сул байна уу гэж хардаг.
Үнэн хэрэгтээ улсын эдийн засгийн хүнд ачааг том, жижиг гэж ялгалгүйгээр бизнес эрхлэгчид авч яваа. Гэтэл тэдний ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс илүүтэй боомилоод байх нь цаад талдаа эдийн засагт л хортой байх болно. Бас нэг зүйлийг онцолмоор байна. Үндэсний үйлдвэрлэгчид зөвхөн ажлын байрыг бий болгодог гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Хэдийгээр импортын бүтээгдэхүүн борлуулж байгаа ч тодорхой ажлын байрыг бий болгож түүнийг тогтвортой хадгалж үлдэхийг бизнесийнхэн эрмэлздэг юм шүү дээ.
–Манай улс гадны орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн боловч манай талаас экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ маш бага байгааг судлаачид онцолдог. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Манайхаас гаргах бараа бүтээгдэхүүний чанарын асуудал хөнддөгддөг. Сүүлийн үед томоохон компаниуд олон улсын стандартыг нутагшуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн том компани экспортод бүтээгдэхүүн гаргахгүй гэдгийг тооцоолох учиртай. Тэгэхээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чанар, стандартын талаарх мэдээлэл, сургалтыг зохион байгуулж мэдээллээр хангахыг зэрэгцээ үе шаттайгаар олон улсын стандартыг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм болов уу.
Дэлхий нийтээрээ органик хүнсний хэрэглээг чухалчилж байгаа энэ үед бидэнд маш том боломж бий. Манай улсын хувьд органик хүнс элбэгтэй боловч түүнийгээ экспортод гаргаж чадахгүй байх нь элбэг. Энэ нь өнөөх л олон улсын стандартад нийцсэн байх шаардлагатай холбоотой. Ингэхдээ манай үйлдвэрлэгчдийг чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж харж болохгүй. Дотоод, гадаадын лабораторт шинжилгээ хийлгэхэд манай бүтээгдэхүүн органик байна гэдгийг төвөггүй тогтоодог. Харин тухайн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар бүтсэн гэдгийг баримтжуулж бүртгэсэн байх учиртай. Энэ нь олон улсын стандартад тавигддаг зарчим юм.
–Компаниуд чадавхжих тусмаа олон охин компани байгуулан бүх салбарт үйл ажиллагаа эрхлэх болсон юм болов уу гэж хардаг. Энэ хэр зөв сонголт вэ?
-Манай компанийн тухайд хүнсний салбарт төвлөрч ажиллахыг илүүд үздэг. Тийм дээ ч бид “Хөвсгөл Алтандуулга” компанид хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Дэлхийн зах зээл дээр эко хүнсийг чухалчилж байгаа учраас эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг зорьж байна.
Манайхаас гурил, гурилан бүтээгдэхүүн, малын тэжээл худалдаж авах санал гадны орнуудаас ирдэг. Би дээр дурьдсан шалтгааны улмаас урт хугацаанд тогтвортой ажиллаж чадахгүйд хүрдэг. Энэ нь бизнесийнхний хувьд хүнд цохилт шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ жил малын тэжээлийг экспортлох боломжтой. Энэ үед гадны компанитай хамтарч ажиллах урт хугацааны гэрээ байгуулан малын тэжээл гаргах боллоо гэж бодъё. Гэтэл ирэх жил нь салбарын яам, агентлагаас малын тэжээлийг экспортлохыг хориглосон шийдвэр гаргачихдаг юм шүү дээ.
Эндээс л асуудал үүснэ. Бид нэг удаа уулзаад тэр ажлыг бүтээдэггүй. Дээр нь бизнесийнхний хувьд найдвартай, итгэлтэй түнш хамгийн чухал. Харамсалтай нь бид төрийн бодлого шийдвэрээс хамааран найдваргүй түнш болж харагдана. Нөгөөтэйгүүр, нөр их хөдөлмөр, цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардсаны үр дүнд урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрддэг. Гэтэл түүнийг нь таслан зогсоочихоор боломж гарсан үед дахин эхлүүлье гэвэл анх хийж байсан бүхий л зүйлийг нэг бүрчлэн эхнээс нь хийнэ. Тэгэхээр анх гарч байсан зардал ч мөн гарна гэхээр бизнесийнхний хувьд маш хүнд тусдаг.
–Манай Улсын бизнесийн салбарыг эрсдэл өндөртэй, эрсдэлтэй зэргээр ангилдаг. Газар тариалангийн салбар эрсдэл өндөртэйд тооцогддог. Тийм дээ ч банкны салбар зээл олгохдоо хойрго. Гэтэл танайх газар тариалангийн салбарт ажиллаж байгаа компанид хөрөнгө оруулалт хийсэн байна шүү дээ?
-Монгол Улсын хувьд эрүүл хүнс, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөрс суурь нь газар тариалан. Хэдийгээр өндөр эрсдэлтэй гэж тооцогддог ч бид дунд хугацаанд хөрөнгө оруулалт хийж, түүнийхээ үр шимийг хүртсэн. Тиймээс цаашид ч энэ компанийн хөрөнгө оруулагч хэвээр байх болно. “Хөвсгөл Алтандуулга” компани нэмэлт хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалж байгаа. Бидний хувьд тус компанийг ирээдүйд илүү хөгжих боломжтой учраас хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг өсгөх, үр өгөөжтэй байлгах боломжтой гэж харж байна.
Нөгөөтэйгүүр, нээлттэй, хаалттай байхаас үл хамааран компанийн засаглал тунгалаг байх нь бизнест маш чухал юм. Тэгэхээр бид улсынхаа эдийн засгийг чадавхжуулъя гэвэл, компанийн засаглалыг сайжруулахын зэрэгцээ төрийн бодлого нь тогтвортой байж түүнийг хэрэгжүүлэх явц, хоорондын уялдаа холбоо нь тодорхой байх учиртай юм.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин