Энэ сарын 9-нд буюу өнгөрсөн Пүрэв гарагт Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.Тодруулбал тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн юм.
Энэ үед тус яамны нэр бүхий газрын дарга, мэргэжилтэн, жолооч, Төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид юу ч хийлгүй, кино үзэж буй мэт харж зогссон нь гэрчүүдийн яриагаар нотлогдож буй юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар өнгөрсөн Ням гарагт буюу 8 сарын12-нд хуралдан, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нарыг чөлөөлсөн.
Мөн Б.Махбалыг хүн алж байхад хараад зогсож байсан тус яамны газрын дарга нарыг ажлаас нь халахаа мэдэгдсэн юм. Харин Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хувьд түүний асуудлыг УИХ эцэслэн шийдэх учиртай. Гэтэл Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өдий хүртэл албан ёсоор иргэдээс уучлал гуйгаагүйгээр үл барам Булган аймгийн МАН-ын хорооны гаралтай хэсэг нөхөд түүнийг “Жинхэнэ эр хүн, улс төрд шинэ соёл, жишиг тогтоолоо” гэх мэтээр магтаж эхэлсэн нь сошиал хэрэглэгчдийн дийлэнхийнх нь гайхшралыг төрүүлж буй аж.
Мөн сонирхолтой нь хохирогч, яллагдагч нар аль аль нь төрийн жинхэнэ албан хаагч биш, дарга нарын томилгоогоор ирж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж. Тодруулбал талийгаач нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нутгийн, ойрын хүн нь гэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд болмогц гэнэт дэвшин, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын даргаар томилогдсон нэгэн аж.
Харин сэжигтэн буюу хүн амины хэрэг үйлдсэн гэх Б.Махбал Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн эртний танил, ойрын хүн нь гэх агаад мөн л Ж.Бат-Эрдэнэг сайд болмогц Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон байна. Түүнийг Ж.Бат-Эрдэнийн хамгийн итгэлт хүн болохыг зарим эх сурвалжууд нотолж буй юм. Түүнчлэн Үндсэн Хуулийн цэцийн 2015 онд хуралдан нэгэн шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэвэл: “1. Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах …” гэсний “… томилогдсон … огцруулах …” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан нь Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажиллах ёстойг нотолж байна. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна.
3. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Засгийн газрын … бүрэлдэхүүн, түүнд … өөрчлөлт оруулах …” гэснийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дахь заалтад “… Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа …” гэж дэлгэрүүлэн зохицуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. …” гэсний “… томилогдсон … огцруулах …” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. …” гэж заасны “… томилогдсон … огцруулах …” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэжээ.
Өөрөөр хэлбэл “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэдэг нь Засгийн газрын сайд нарын аливаа алдаа, дутагдлын хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын өмнө хариуцна, нэг сайд огцрох тухай яриа байхгүй, аливаа алдаа дутагдал гарвал хэн нэг сайд бус Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцоох аж. Ийнхүү Ж.Бат-Эрдэнэ зөвхөн өөрөө ажлаа өгөөд явах бус Засгийн газраа “чирж унагах” нөхцөл байдал бий болжээ. Албан ёсоор бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь Зам Тээврийн Хөгжлийн сайд хэвээр байгаа юм.
П.Мандах
2 comments
ХҮНИЙГ ЗҮГЭЭР АЖИЛ ХИЙЛГЭ
AN iin lalruud tenegtkhees uur yuch khiij chadakhgui.Ed nart bolomjl tsukhuikh yum bol erkh medliin tuluu yu ch yarij yu ch khiikhees butsakhgui pizdakuud