Эрүүл мэндийн боловсролын сургагч багш бэлтгэх сургалтын нээлт боллоо. 2013 оноос Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Олон улсын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн нөлөөллийг уулзалтыг зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн оны 12-дугаар сарын 11-нд болсон “Эрүүл мэндийн болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан уулзалт”-аар ажлын хэсэг байгуулж, эрүүл мэндийн хичээлийн суралцахуйн удирдамж боловсруулж, эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах шийдвэр гарсан юм. Ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарал хандуулж Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөр, УИХ-аар “Залуучуудыг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулахаар боллоо.
Хүн амын дундах өвлөлийн талаарх зарим судалгааны дүнг танилцуулбал 2016 оны байдлаар 15-аас доош насныхан 30.0 хувь, 65 буюу түүнээс дээш насныхан 3.8 хувийг эзэлж байгаа нь хүн амзүйн шинжлэх ухаанд залуу хүн амтай улсад ордог байна. Монгол улсад өнөөгийн байдлаар эрүүл мэндийн боловсролын талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудын мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгааг эрүүл мэндийн үзүүлэлт болон судалгааны үр дүнгүүд харуулсаар байна.
Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа нь тодорхойлогдсон /2013 онд/ бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгаа юм.
“Монгол хүн амын хоол тэжээл” үндэснийVсудалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай, “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-нд мөн 10 сурагч тутмын 1 нь илүүдэл жинтэй, 5 сурагч тутмын 2 нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг, 5 сурагч тутмын 1 нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, 1 ба түүнээс олон удаа “АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДСОН” гэж хариулсан байна.
Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 2003-2013 оны хугацаанд 4.6-аас 16.0 хувь болтлоо нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь 15-19 насны охид, эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр /36.4/ байгаа.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэдлэгтэй гэсэн боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хэрэглээ 18.2 хувь гарсан байна. (ҮСХ, НҮБХС, 2013)15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг 2 дахин өсч, 2016 онд 33.1 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2017 онд үр хөндөлтийн 17530 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 20-иос доош насныхны үр хөндөлт 5.3 хувийг эзлэж байна.
2016 оны байдлаар нийт халдварт өвчний 2 дугаарт бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ байгаагаас зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 12.3 хувь 15-19 насных, 26.4 хувь нь 20-24 насныхан эзлэж байна.
Монгол улсын хүн амын өвчлөл ба нас баралтын “Осол, гэмтэл, гадны шалтгааны улмаас нас барах тохиолдол” сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 2016 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. Үүнд: осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 19.9 хувийг зам тээврийн осол, 18.5 хувийг амиа хорлолт,15 хувийг 0-19 насны хүүхэд, 8.1 хувийг бусад шалтгаан эзэлж байна.
“Залуучуудын тамхины хэрэглээ” Монгол улсын судалгаагаар 13-15 насны сурагчдын 14.3 хувь, хөвгүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байна гэж гарсан.
Эх сурвалж: ЭМЯ
1 comment
Гэмт хэрэг үйлдсэн боловсролын сайдыг яах вэ? Эрүүл мэндийн сургалтыг зогсооно гэдэг бол гэмт хэрэг мөн. Ирээдүйгээ алж байгаагаас өөрцгүй. Харин эрүүл мэндийн сургалтыг эхлүүлэх болсоныг сайшаамаар боловч 4-р ангиас гэдгэ нь бас л гэмт хэрэг учир нь 4-р ангиа хүртэл хүүхэд муу дадал зуршил нь бат суусан байдаг. Яахаараа бидний толгой араасаа ажилладаг юм бэ??Эрүүл мэндийн сургалтыг цэцэрлэгийн наснаас нь эхлүүлэх бүр төрсөн цагаас нь эхчүүдэд мэдлэг олгохоос эхлэх ёстой шүүдээ. Ажил хийвэл хийсэн шиг хий. 2-ын хооронд хийсэн болж бүү харагд. Сайд нараа.