Хойд Солонгост Японы иргэнийг тагнуул хэмээн сэжиглэн саатуулжээ. Тэрээр гадаадын аялал жуулчлалын байгууллагын шугамаар тус улсад очоод байж. Ингээд Нампо боомтоор аялж явахдаа цэрэг армийн байгууламжийн зургийг камераар буулгасан нь ийнхүү баривчлагдах шалтгаан болжээ.
Тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн Японы иргэн нь Шига мужийн оршин суугч, 39 настай видео зураглаач байсан аж. Тэр хуваарь ёсоор өнөөдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосоос буцах байсан гэнэ. Одоо Японы засгийн газар иргэнээ суллуулахаар Бээжин дэхь Хойд Солонгосын элчин сайдын яамтай дипломат шугамаар харилцаж байгаа юм байна.