Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр/08.12/ боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна.
Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна” гэлээ. ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн тус яамны газрын дарга нарт чөлөөлөх хариуцлага тооцож, асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.