АНУ-ын зүүн эргийн цагаар Бямба гарагийн өглөө NASA хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн хамгийн хүчирхэг пуужингуудын нэгийг сансарт хөөргөнө. Хүн төрөлтхний түүхэнд хамгийн өндөр хурдтай аялах хөлөг байх юм. Ирэх есдүгээр сарын сүүлээр Сугарын дэргэдүүр анх удаа нисэж, арваннэгдүгээр сард нарны ойролцоо хүрээд анхны мэдээллээ арванхоёрдугаар сард эх дэлхий рүүгээ илгээнэ. Нийтдээ 7 жил үргэлжлэх аялалынхаа хугацаанд уг хөлөг Сугар гарагийн хажуугаар дахин зургаан удаа дайрах ажээ.
Уг пуужин нь биднийг гийгүүлэгч хамгийн ойр од болох нарны гадаргад ойртож, судалгаа хийх хөлгийг тээвэрлэх юм. “Parker Solar Probe” нэртэй уг хөлгийг Флоридагийн Канавералын хошуунаас хөөргөнө. Тэрээр манай дэлхийн зэргэлдээ гараг Сугартай ойрхон өнгөрч, дараа нь нарыг тойрон эргэх юм.
Энэ үедээ тэр нарны халуун атмосферт шумбан орж мэдээлэл цуглуулах ажээ. Дэлхийн татах хүчийг давахын тулд өнөөдөр хөөрөх пуужин нь Ангарагийн аялалаас 55 дахин их эрчим хүч зарцуулна. Тийм ч учраас “Parker Solar Probe” хөлөг нь өөрөө суудлын машины хэмжээтэй жижиг боловч тээгч Delta IV Heavy пуужин нь 72 метр урт, 15 метр өргөн, 600 гаруй тонн шатахуунтай байх ажээ. Ингэсний үр дүнд 724,000 км/цаг хурдалж, Сугар гарагийн дэргэдүүр гарахдаа татах хүчийг нь давж, хөлгийн эх бие Цельсийн 1,400 хэмийн гадаад халууныг тэсэж чадах юм байна.
Parker хөлөг нарыг нийтдээ 24 удаа тойрч, нарны гадарга буюу фотосферт 6.4 сая километр ойртоно. Ийм алс зайд байгаа ч гадаад орчны халуун маш өндөр байх тул хөлөг 12 см зузаан тусгай бүрхүүлтэй байх ажээ. Уг бүрхүүл нь хайлж урссан ч хөлөг бүтэн үлдэхээр ажиллах гэнэ. “Энэ бол маш хүнд хэцүү аялал. Аялалын орчин нөхцөл нь маш хатуу ширүүн байх болно” гэж уг төсөл дээр ажиллаж байгаа Мэриландын Жон Хопкинсийн Их сургуулийн судлаач Ники Фокс тайлбарлаж байна.
Дэлхий дээрх амьдралын гол эрчим хүчний эх үүсвэр болдог нар нь тайлагдаагүй олон нууцтай. Түүний нэг нь нар үзэгдэх гадарга (фотосфер гэдэг) дээрээ Цельсийн 5,500 хэм халуун байдаг ч нарыг тойрсон титэм (corona) хэмээх давхарга үүнээс 500 гаруй дахин халуун буюу Цельсийн 3 сая хэм байдаг явдал юм. “Parker Solar Probe” хөлгийн зорилго нь энэ үзэгдлийн шалтгааныг тайлбарлахад хэрэгтэй мэдээлэл цуглуулахад оршиж байна. Цаашлаад наран дээр дэгддэг соронзон шуурга юунаас болж үүсдгийг судлах гэнэ. Энэ үзэгдэл манай дэлхийд ч нөлөөлдөг. Соронзон шуурганы үзэгдлийг тайлбарлах санааг анх 1950-аад оны үед залуу физикч Южен Паркер дэвшүүлж байжээ. Тиймээс хөлгийн нэрийг түүний нэрээр нэрлэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
1 comment
Паркер нарнаас тууний соронзон орныг агуулсан цэнэглэгдсэн беемс байнга шидэгдэж байдгийг нээж, туунийг нарны салхи гэж нэрлэн хэт ендер хурдтай нь дэлхийд соронзон шуурга уусгэдгийг тайлбарласан. Туунтэй зэрэгцэн ЗХУ-ын эрдэмтэн Е.А. Пономарев нарны салхийг нээсэн.