2018-08-10 09:431min07

Талийгаач хүү сургалтын төлбөрөө олох гэж барилга дээр ажиллаж байжээ

hair

Хан уул дүүргийн 11-р хороонд байрлах Хүннү хорооллын барилгын талбайд өчигдөр 19.00 цагийн орчимд осол гарч 17 настай хүү амь насаа алдсан байна. Ажилдаа барилгын туслахаар ороод 14 хонож  байсан хүү хүний оронд түр ажиллаж байгаад ийм байдал үүсч харамсалтайгаар амиа алджээ.

Гэр бүлийнхэндээ дэм болж, сургалтын төлбөрөө олохын тулд наадмаас хойш тухайн барилга дээр ажиллаж байгааг түүний төрсөн ах нь хэлсэн юм. Талийгаач У нь хөдөлмөрч хичээнгүй хүүхэд байсныг ар гэрийнхэн нь ярьж байна. Хийх ёсгүй ажлаа хийж, аюултай нөхцөлд ажиллаж байсан хүүхдээ алдсан гэр бүлийнхэн гомдолтой байна. Тэрээр өдрийн 25 мянган төгрөгийн цалин авч байгаа гэж гэрийнхэндээ ярьж байжээ.

Энэ талаар харьяа цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу шалгахад чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч, 17 настай У гэх эрэгтэй толгойн тус газраа цохиулсан байна.

Хэрэг гарахад дэргэд нь байсан эх сурвалжийн мэдээлснээр 17 настай хүү 40 тоннын чингэлэгийг краны дэгээнд бэхэлсэн. Гэтэл аюулгүй байдлаа хангаагүй байхад нь чингэлгийг өргөж эхэлсэн байна. Улмаар краны тросс тасарч, дэгээ төмөр талийгаачийн толгой дээр унажээ. Дээрх ослоос хэд хэдэн зөрчил харагдаж байна.

Нэгдүгээрт, кранд ачаа бэхлэх болон кранистад дохио өгөх ажлыг мэргэжлийн хүн хийх ёстой. Хоёрдугаарт, эрсдэлтэй ажил хийж байгаа хүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын малгай өмсүүлэх учиртай. Гуравдугаарт, насанд хүрээгүй хүүхдээр ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй байх хууль бий. Гэвч эдгээр дүрэм журмыг мөрдөөгүйн улмаас 17 настай хүүхэд амиа алдаад байна.

Энэ нь сард 22 хоног ажиллана гэж үзвэл 550 мянган төгрөг гэсэн үг. Тросс нь тасарсан кран өөрөө дээд тал нь 20 тонн жинтэй ачаа өргөх чадамжтай байжээ. Гэвч осол гарах үед өргөж байсан ачаа нь 25 тонн байсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага урьдчилсан байдлаар тогтоосан. Хууль хяналтын байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.