Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд иргэдээс ирүүлсэн гомдол саналыг хүлээж авдаг юм. Сүүлийн үед “Нүүрсний утаанд амьдрах нөхцөлгүй байна”, “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд хүнсний үйлдвэртэй залгаа байдаг хөөсөнцрийн үйлдвэр их хэмжээний нүүрс түлснээс болоод тортог, утаа их гарч байна. Шалгаж өгнө үү” гэсэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажлыг тус газраас хийсэн байна.
Шалгалтаар байгаль орчны үнэлгээ, дулаан боловсруулах, түгээх зөвшөөрөлгүйгээр зуух ажиллуулсан зөрчил илэрчээ. Энэ нь үйлдвэрийн орчимд үнс, хог хаягдал хуримтлагдах болон байгаль орчинд хэрхэн нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг аж. Тиймээс байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дэх заалтад үндэслэн халаалтын зуухны үйл ажиллагааг түр зогсоон, гурван мянган нэгжийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.