Монголчууд биднийг тусгаар тогтносон, үндэсний хэв шинж, соёл уламжлалтайг сануулах хамгийн том илэрхийлэл бол соёл урлаг. Тэр дундаа ардын бүжиг, бий биелгээ чухал байр суурийг эзэлнэ. Зарим судлаачдын үзсэнээр монгол бүжгийн хөдөлгөөн хаданд үлдсэн сүг зургаас үүдэлтэй гэдэг бол үлдсэн хэсэг нь монголчуудын амьдралын хэв маяг, өдөр тутмын ажил амьдралын онцлогоос буюу ард түмний дундаас үүссэн гэх нь бий. Харин үндэстэн бүхний онцлог шинжийг агуулсан ардын бүжиг маань хэдэн салаа мөчир болж, Монгол Улсын өнцөг булан бүрт тархжээ.
Халх, Дөрвөд, Захчин, Урианхай, Хотон, Торгууд, Үзэмчин гээд өөрийн өнгө төрх, хэлбэр донжтой бүжгээ бид хайрлан хамгаалах, уламжлан үлдээх хариуцлагатай мөч хаяанд иржээ. Хэдийгээр дэлхий даяаршиж, нийгэм өөрчлөгдөж байгаа ч түүнд уусалгүй, үндсэн шинжээ хадгалж үлдэх цор ганц үнэт зүйл бол ардын урлаг юм.
Тэгвэл өнөөдөр бид тусгаар тогтнолын дархлаа болсон ардын урлагаа, тэр дундаа ардын бүжиг, бий биелгээгээ хэрхэн үндсэн шинжээр нь хайрлан хамгаалж байгаа билээ. Урлаг судлаач, доктор Б.Ариунбуян “Би Японд 15 жил амьдарсан. Энэ хугацааг зөвхөн урлаг судлалд л зориулсан юм. Япон хэдийгээр урлагийн олон урсгалтай боловч үндэсний урлагаа унаган хэвээр нь хадгалж үлдсэн нь олзуурхууштай. Тэнд ардын урлагийн уран бүтээлчид хамгийн нэр хүндтэйгээс гадна цалин өндөртэй. Жишээлбэл зөвхөн багт бүжиг хийдэг бүжигчид гэж бий. Тэд долоо хоногийн зургаан өдөрт нь тоглолттой байдаг. Хэдийгээр эртний Японы шашин шүтлэгийн уламжлалыг бүжгээрээ харуулдаг ч өдөр бүр заал дүүрэн үзэгчидтэй байдаг нь бахархам. Тэдний тоглолтыг харахад орчин үеийн урлагийн ямар ч нөлөө байддаггүй. Энэ нь өөрөө ардын урлагаа дэмжих, түгээн дэлгэрүүлэх, гадны нөлөөнөөс хамгаалах цаашлаад улс орныхоо тусгаар тогтнолыг сануулахад өндөр ач холбогдолтой. Харин манай улсын хувьд биднийг тодотгох, дэлхий дахинаа гайхуулах үндэсний урлагаа орчин үеийн урсгалтай хэтэрхий хольж байгаа нь шүүмжлэлтэй санагддаг. Энэ нь бүжгийн урлагт илүү тод илэрч байна” гэсэн юм.
АРДЫН БҮЖИГ ҮНДСЭН ШИНЖЭЭ АЛДАЖ БАЙНА
Торгууд түмний бэлгэдэл болсон “Агсал”, “Цацал” зэрэг бүжиг өнөөг хүртэл анхны хувилбараараа өвлөгдөн иржээ. Энэ бүжигт Торгууд түмний нэгэн зоригт баатрын дүрийг дүрсэлсэн байдаг. Мөн Дөрвөдийн аягатай бүжигт эмэгтэйчүүдийн цээжний сул чичиргээ бүхий уян хөдөлгөөн дээр үндэслэн толгой дээрээ тавьсан аягатай сүүг цалгиулдаггүй бүжиглэдэг онцлогтой. Баруун Монголын бүжгийн ерөнхий хөдөлгөөн нь цээжний хөдөлгөөн бөгөөд голдуу гэрт дугуйран суусан хүмүүсийн дунд бүжиглэдэг учир хөдөлгөөн бүр нь тод, утга учрыг илэрхийлдэг аж. Харин өнөөдөр Монгол Улсын хэмжээнд улсын статустай үндэсний урлагаа дагнаж уран бүтээл хийдэг ганцхан чуулга бий нь Үндэсний урлагийн их театр. Тэд ихэвчлэн жуулчдад зориулсан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг зуны турш тоглодог. Хэдийгээр театраас гадна “Түмэн эх”, “Цагаан лавай” гээд жижиг чуулгууд байдаг ч жуулчны тоглолт төдийхнөөс дээш өндийж чадахгүй байна. Харин энэ хооронд бүжгийн урлаг өнгөн дээрээ хөгжиж буй мэт харагдавч, утга агуулгаа алдаж байгаа нь харамсалтай. Учир нь эртний сайхан бий биелгээг богино банзал, бариу цамцтай охид, орчин үеийн хөнгөн хэмнэлд оруулаад шоу нэвтрүүлэгт бүжиглэж байгаа нь тун зохимжгүй харагдахыг энд дурьдах.
Монгол бүжиг өөрөө үндэсний дээл, зориулалтын хувцастайгаа л төгс харагддаг билээ. Телевизийн шоунд оролцох өсвөр насны хүүхдүүд үзүүлбэртээ ардын бүжгээс ганц, хоёрхон хөдөлгөөн оруулсныгаа монгол бүжгээ дэлхийд гайхуулж байна гэж ярих нь эндүүрэл гэлтэй. Ахмад бүжигчин, гавьяат жүжигчин Б.Дуламсүрэн “Би насаараа Архангай аймгийн театрт бүжигчин байлаа. Бидний үед Торгууд, Захчин, Үзэмчин гээд олон ястны бүжгийг жилд нэг удаа төрийн бодлогоор аймаг сумынхаа хүүхдүүдэд заах аян зохион байгуулдаг байсан. Үндсэн хэв шинж, онцлогийг нь хүүхдүүдэд ойлгуулах үүрэгтэй. Түүнийг л дахин сэргээмээр санагдах юм. Орчин үеийн хүүхдүүд бидний үндсэн шинжийг нь алдагдуулахгүйн төлөө хөдөлмөрлөж ирсэн бүжгийг хагас дутуу сурч, орчин үеийн хөгжимтэй хослуулахыг нь харахад сэтгэл эмзэглэх юм” гэв.
“АРДЫН БҮЖГИЙГ МОНГОЛ КОНТЕНТ БОЛГОНО”
Энэ л амьдралаа бүжгийн урлагт зориулсан эрхэм уран бүтээлчийн эмзэглэл нэгийг бодогдуулах нь лавтай. Ардын багш, СУИС-ийн ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн ахлагч С.Дулам “Манай баг ардын урлаг тэр дундаа монгол бүжгийн урлагийг нэн эрт цагаас нь эхлэн одоог хүртэлх хөгжил, хувьслыг нь судлах зорилготой. Монгол орны уул, хадан дээр буй бүжгийн хөдөлгөөн байж болохуйц дүрсүүд бий. Үүнийг монгол контент болгох талаар нарийн судалгаа хийж байна. Гэхдээ үндсэн хэв шинжийг нь алдуулахгүй.
Миний судалсан монгол бэлгэдэл зүйн хоёр үндсэн категорын нэг нь дүрсийн бэлгэдэл зүй, дохио зангааны бэлгэдэл зүй юм. Энэ хоёр категор хадны зургийн дүрс, дүрсээр илэрхийлж буй биеийн хөдөлгөөн судалгааны ажилтай минь холбогдож байна. Энэ ажлын үндсэн дээр “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийг санаачлан ажилласан. Эхний удаад гурван бүжгэн жүжиг дэглэсний эхнийх нь Дундговь аймгийн Дэл уулын дөрвөлжин булшны ханан хадны зураг дээр байгаа бүжиглэж буй 17 хүний дүрс, биеийн хэлбэрээс санаа авч бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжиг юм. Энэ бүтээлийг гавьяат жүжигчин Д.Энхгэрэл багш дэглэсэн” гэв. Хэдийгээр дэлхийн хөгжлийг дагаад Монголын орчин цагийн бүжгийн урлаг хөгжиж байгаа нь сайшаалтай ч үндэсний урлагаа дархалж, тэр л хэвээр нь үлдээх шаардлага тулгараад буйг энд хөндөх гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ”