Дэлхий даяараа интернэт, сошиал хэрэглээ утгаа алдаж эхэлсэн талаар ярилцаж, шүүмжилж байгаа энэ цаг үед фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нэгэн шинэ цэсийг өөрийн сайт дээр нэмж суулгахаар бэлтгэлээ базааж байгаагаа саяхан олон нийтэд хандаж мэдээллээ.
Тун удахгүй фэйсбүүк өөрт нь дурлан донтогч эрхэм хэрэглэгч танд “Та хэтэрхий удаан намайг хэрэглээд байна шүү” хэмээн дохио сануулга өгдөг болж эхлэх нь. Дэлхийн хамгийн ухаалаг СЕО Марк болон түүний програмистууд одоогийн байдлаар яг хэдэн цаг фэйсбүүкийг тасралтгүй хэрэглэж байгаа хэрэглэгчид дээрх сануулгыг өгдөг болох талаар тогтсон шийдэлд хүрээгүй байгаа ч өдөржингөө буюу өглөөнөөс орой болтол, эсвэл бүр шөнөжин унталгүйгээр фэйсбүүкийг хэрэглэдэг хүмүүст шинэ цэсээ зориулахаар шийджээ.
Хэрэв та фэйсбүүкт хэт олон цаг донтоод эхлэх юм бол компьютерийн чинь дэлгэц дээр гар утасны сэрүүлэгтэй төстэй нэг төрлийн цэс автоматаар гарч ирж “Одоо болно” гэсэн сануулгыг өгдөг болсноор сошиалаас хэт хараат болохоос тань хамгаална гэсэн үг юм. Хэрэв фэйсбүүкт донтож, салж чадахаа байсан хэрэглэгчид дээрх сануулгыг үл тоомсорлон үргэлжлүүлэн хэрэглэсээр байвал таны фэйсбүүкт нэвтрэх эрхийг чинь түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг мөн л автоматаар авдаг болох тохиргоог нэвтрүүлэх талаар ч Зукербергийн багийнхан энэ өдрүүдэд хоорондоо ярилцаж байгаа гэнэ. Яагаад дэлхийн хамгийн баян залуу маань өөрийнх нь бизнес, бизнесийн нэр хүндэд нь халгаатай, ямар ч ашиггүй ийм арга хэмжээг авахад хүрсэн болохыг ажиглагчид дараахь үндэслэлээр тайлбарлаж байна.
Юуны түрүүнд өнгөрсөн хавар Конгресст дуудагдаж, байцаалт өгсөн явдал нь Марк Зукербергт том сургамж, дохио болсон хэмээн дүгнэж болохоор. Учир нь интернэтийн бизнесийг үл ойшоодог, хуучинсаг үзэлтэй хөгшин конгрессмэнүүд Маркыг хүн төрөлхтөнд аюул учруулж мэдэх маш аюултай платформыг хөгжүүлж, хүүхэд залуусыг үүгээрээ хордуулж байна хэмээн хүчтэй шүүмжилж, буруушаасан явдал.
Дээр нь Элон Маск тэргүүтэй адилхан бизнесийн салбарт өрсөлдөж байгаа хүчирхэг СЕО-ууд фэйсбүүкийг хэнд ч хэрэггүй, хүн төрөлхтөнд гай учруулж мэдэх зүйл гэхчлэн өөлж, буруушаах болсон зэрэг нь еврей залуу Зукербергт бизнесээ авч үлдэхийн тулд нэгийг бодохгүй болохгүй нь гэдэг хүчтэй дохиог өгсөн байж болох юм. Ухаалаг, мэдрэмжтэй, олон нийтийн сэтгэл зүйг гайхалтай хурдан мэдэрч чаддаг, одоо дөнгөж гуч гарч яваа энэ залуугаас бусад улс орны бизнесмэнүүд. Ялангуяа манай монголын ажил хэргийн ертөнцийнхөн ч бас суралцахад гэмгүй л болов уу.
Бизнесээ хамгаалж авч үлдэнэ гэдэг нь муйхараар мугуйдлан зүтгэж, авлига өгч, хуулийг гууль болгохыг биш, харин шинээр сэтгэж, шинэчлэл хийж, хэрэглэгчиддээ таалагдаж чаддаг байхыг хэлдэг аж. Фэйсбүүкийн нэвтрүүлэх гэж байгаатай яг ижилхэн цэсийг олон зуун сая үнэнч хэрэглэгчидтэй инстаграм ч бас амьдрал дээр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа гэсэн шүү.