Бусдын гар утсыг олоод, завшсан Д.Х-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд мөнгө угаасан гэм буруутай гэж үзлээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө тус дүүргийн XVII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг НРЖ баарны ариун цэврийн өрөөнөөс “Iphone 7 plus” загварын гар утас олж, бусдынх гэдгийг мэдсээр байж завшин, дахин давтагдашгүй нууц дугаарыг өөрчлөн худалдаж, нэг сая 251 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Х-г дээрх хоёр зүйл заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэн гээгдмэл эд хөрөнгө завшсан хэрэгт нь 450 000 төгрөгөөр торгох, мөнгө угаасан үйлдэлд нь зургаан сар хорих ял шийтгэлээ.