“Соёлын өвийг хамгаалах, сурталчлахад хурлын байгууллагын үүрэг оролцоо, харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт форумын ес дэх удаагийн үйл ажиллагааг Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг Төв аймгийн ИТХ, ЗДТГ зохион байгуулж байгаа юм.
Форумд таван орны 10 мужийн 100 гаруй төлөөлөгч болон бусад аймгуудын ИТХ-н дарга нар оролцож байна. Нээлтийн үеэр аймгийн ИТХ-н дарга Ц.Энхбат “Манай улс 1990 оноос дэлхий дахинд нээлттэй болж, олон улсын конвенциудад нэгдэн орсон нь соёлын өвийг хамгаалах болон түүний эрх зүйн орчинг бүрдүүлэхэд эргэлт болж, түүх соёлын үнэт дурсгалаа “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлэх тэдгээрийг хадгалж хамгаалах сэргээн засварлахад мэргэжилтний болоод хөрөнгийн талаар олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах таатай боломж нээгдсэн” хэмээн онцлов.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр дээрх түүх соёлын дурсгалаас улсын хамгаалалтад 15, аймгийн хамгаалалтад зургаа, орон нутаг, сумын хамгаалалтад 94 түүх соёлын үл хөдлөх дурсгал байдаг аж. Монгол улсын Засгийн газраас “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д долоон өв бүртгэгдсэн байдаг бөгөөд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвөөр гурав, байгалийн өвөөр хоёр, Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад долоо, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад тав, нийт 24 өвийг бүртгүүлж дэлхийн түвшинд хадгалж хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн ажиллаж байна.
Форумын үеэр Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, бүс нутгийн ИТХ-н олон талт соёлыг хүндэтгэн үзэж, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ цаашлаад боловсрол, ШУ-ны салбарын хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлэх урт хугацааны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бий болгох санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн форумд оролцогчид “Монгол соёл, өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн” болон “Бэсрэг наадам”-ыг үзэж сонирхлоо.
Зүүн хойд Азийн ИТХ-ын дарга нарын ес дэх удаагийн форумаар соёлын өвийг хадгалан хамгаалах, таниулан сурталчлах ажил бүс нутгийн түвшинд, нэн ялангуяа орон нутгийн байгууллага хамт олны оролцоотойгоор шинэ шатанд гарах эхлэл тавигдсан юм. “Зүүн хойд Азийн орон ИТХ-ын дарга нарын арав дахь удаагийн форум”-ыг ОХУ-д зохион байгуулахаар шийдвэрлэжээ.