Ромын Католик сүм хийдийн тэргүүн, пап лам Франсис цаазын ялыг “зөвтгөх аргагүй” гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх дэлхийн католикууд үүнийг хориглохын эсрэг тэмцэх болно гэж мэдэгджээ. Мөн Католик шашны номлолд албан ёсоор өөрчлөлт оруулж, цаазын ял бол хүний нэр төр, халдашгүй байдлыг сүйтгэж буй хэлбэр гэж тодорхойлсон байна.
Өмнө нь Ватикан цаазын ялыг хууль ёсны эрх баригчид шударга шүүхийн шийдвэрийн дагуу оноохыг хүлээн зөвшөөрдөг байсан юм. Пап лам өмнө нь цаазын ялын эсрэг бодолтой байгаагаа илэрхийлж байсан бол өчигдөр албан ёсоор шашны номлолдоо тусгаж баталгаажуулжээ.
Түүний энэ шийдвэр дэлхийн хамгийн том хоёр гүрэн болох АНУ, Хятадын бодлогын эсрэг алхам болж байна. Яг одоо АНУ-д 2,700 гаруй хүн цаазын ялтай хоригдож байгаа бол 31 муж улс нь цаазын ял хэрэгжүүлдэг. Дэлхийд хамгийн олон цаазын ял гүйцэтгэдэг Хятад улстай Ватикан харилцаагаа хэвийн болгохоор сүүлийн хоёр жил идэвхтэй ажиллаж байгаа.
Талуудын харилцаа 70 жилийн өмнө бүр мөсөн тасарсан юм. Одоогоор Хятадад 10-12 сая католик шашинтан байдгийн тал нь нууц сүмүүдэд, тал нь төрийн хяналттай сүмүүдэд мөргөдөг гэдэг. Тэгвэл цаазын ялыг хориглох Ватиканы бодлого Бээжинтэй харилцах харилцаанд нь хүндрэл учруулж магадгүй юм.
Эх сурвалж: The Guardian