Гандангаа Пирамид шиг байлгасан бол…

Өв соёлоо байгаагаар нь хадгалж, үнэт зүйл болгон хүн төрөлхтний оюун санааны оргилд залж чадсан ард түмэн хүчтэй байдаг. Жилд хэчнээн сая жуулчдыг татаж байдаг дэлхийн гайхамшгууд үүний тод жишээ юм. Египетийн Пирамид л гэхэд хаанахын хэнбугай хэдэн ч удаа очиж үзээд уйддаггүй.

Пирамидын нууц өнөө хүртэл тайлагдаагүй. Харин хүмүүс өөрийн тийш татагдаж, зорьж очоод буй шалтгаанаа янз бүрээр тайлбарладаг. Пирамид эртний нууцыг хадгалсан, энергитэй газар ч гэх нь бий. Хамгийн гол нь түүний эргэн тойронд ямар нэг барилга, орчин үеийн нэг ч бүтээн байгуулалт байхгүй. Анх улсынх нь ерөнхийлөгч ийм байлгах ёстойг зарлигдсан нь уламжлал болон тогтжээ.

Эргэн тойронд нь орчин үеийн өндөр барилгууд барих юм бол пирамид биш болно гэж үзсэнээс тэр. Хэрэв тэгсэн бол жуулчид нэг удаа очоод дахиж зүглэхгүй байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Яг түүн шиг манай улс Гандантэгчилэн хийд, түүний ойр орчмыг гэр хороолол болгочхолгүй аваад үлдсэн бол өдгөө гадаадын жуулчдыг татах гэж толгойгоо гашилгахгүй байлаа. Монголын уламжлалт шашин соёлын төв, XX зууны өмнөх монголчуудын хийсэн том бүтээн байгуулалт, хойч үед үнэ цэнэтэй соёлын дурсгал шүү дээ.

Хэрэв өнөөдөр Гандантэгчилэн хийд их хотын баруунтаах Далхын дэнж дээр Египетийн Пирамид шиг оршиж байсан бол ямар байх байсан бэ гэдгийг бодоод үзье. Зөвхөн сүм хийдийн барилга ч гэлтгүй тэнд 1800-гаад оны үеийн уран барилга, монголчуудын дүрслэх урлаг, монгол зураг, шүтээн урлал, Занабазарын гайхамшигтай бүтээлүүд, энэтхэг, төвд, хятад, монгол хэл дээрх судар ном гээд өв соёлын дурсгалууд бий. Дээр нь шашны дэг жаяг, номын уншлага, ном хаялцах, дамжаа барих, цамын бүжиг, балин хийх гэхчлэн зан үйлийн асар их өвийг хадгалж байгаа газар. Тэр бүхнийгээ нэгэн цогц болгож, Ганданг гандан хэвээр нь хадгалсан бол өдгөө Монголын Пирамид байх байлаа.

ДАНШИГ ХИЙЖ БАЙХААР ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДЭЭ ТОРДООЧ

Өнөөдөр манайхан даншиг наадам хийнэ, хийхгүй гэж дээр доргүй хэрэлдээд сууж байна. Ер нь бол хоёр жил тутам ийм хэрүүл болдог. Нэг хэсэг нь “Лам нарын баяр” гэж шүүмжлэх, нөгөө нь “Өв соёлоо сурталчилж, жуулчин татаж мөнгө босгох арга” гэлцэх. Ингэж талцсаар энэ жил 270 сая төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Их мөнгө зарлагадсаны эцэст үлдэх бүтээн байгуулалт байна уу гэтэл үгүй.

“Жуулчид татаж, улсын валютын санг арвижуулдаг” гэж тайлбарладаг ч бодитой мэдээлэл алга. Даншиг хийж байхаар Гандантэгчилэн хийдээ гайгүйхэн тордчихоод, хүрээ цам, ном хаялцах, уралдаж балин хийх, ховор сонин үзмэрийн үзэсгэлэн гэхчлэн шашин, өв соёлын үзүүлбэрийн онцлогийг цаг үе, улиралд нь тааруулан зохион байгуулж, тус тусдаа жуулчдыг татах “ивент” болгож яагаад болохгүй гэж.

Ингэж чадвал заавал ирээч, үзээч гэж сурталчилж, урилга, заллага болох ч албагүй. Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, цахим орчинд сонирхолтой нэг зураг оруулахад л хэдхэн секундэд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн тэрбум хүн үзчихдэг болсон өнөө цагт жуулчдын хөл тасрахгүй байх сан. Харамсалтай нь үе үеийн хотын дарга нарын харалган шийдвэр Гандангийн дэнжийг дахин төлөвлөх ажлыг гацаасаар өнөө хүрчээ.

Тэр орчмыг жуулчдыг татах цогцолбор, шашин соёлын төв болгоно гэлцдэг. Ганданг цэгцлэх цаг болсон гээд л шуугьдаг. Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийг тойрсон гэр хорооллын хог, бохир дийлдэхээ больсон. Айлуудын нүхэн жорлон борооны усаар дүүрдгээс хөрсний бохирдол ч дээд цэгтээ хүрсэн. Хашааны эзэд их төлөв түрээсэлчхээд ихэнх нь орон сууц бараадсан. Зарим нь нийтийн орон сууц барьж хөлслүүлдэг болсон байна. Өдгөө тэнд амьдарч буй иргэдийн олонх нь хог, угаадсаа гудамж руугаа гаргаад цацчихдаг, хаяг нь тодорхойгүй, хариуцлага хүлээдэггүй түрээслэгчид л байна.

Сургууль, цэцэрлэг бараг байхгүй. Харин зочид буудал, баар цэнгээний газар, нийтийн байр тоогоо алджээ. Шашны эд хэрэглэл зардаг дэлгүүрүүд гэх өндөр байшингууд сүндэрлэснээс Гандантэгчинлэн хийдийн гол сүмийн орой ч ялгарч үзэгдэхээ больжээ.

“ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙД БУЯН ҮЙЛДДЭГГҮЙ ЮМ БАЙНА

Саяхан “Монголын соёлын ертөнц: Өв,үнэт зүйл, урлаг” сэдвээр Улаанбаатарт чуулсан дэлхийн монголч эрдэмтдийн хуралд “Монголын сүм хийдүүд ба настай лам нарын дурсамж яриа” сэдвээр илтгэл тавьсан Унгарын судлаач Кристина Телеки “Монголын сүм хийдүүд 10 жил болоход нэг ч засвар хийгээгүй байна” хэмээн онцолсон. Тэгвэл Улаанбаатарын гэр хороололд гадны шашныхан хэдэн давхар орд өргөө шиг сүм барьсан нь тоогоо алдлаа гэх шүүмжлэл их байдаг.

Статистикаас үзвэл, нийслэлд 400 гаруй сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас 63 орчим хувь нь христийн сүм, хийд байна. Нийтдээ 13 шашны төрөл, урсгал чиглэл байдаг. Католик, христ, бахай, мүүн ,шинто, хиндү, мусульман /лал/ шашны сүм, хийд зонхилдог. Тэднийг хараад байхад хүмүүсийг уриалж, амьдарч байгаа орчныхоо хогийг түүж нийтийн тустай хөдөлмөрт хамруулах, цусаа хандивлах сайн дурын аянд нэгдэцгээх, түүнчлэн гэр хорооллын амьдралын боломж муутай хүүхэд залууст англи хэл үнэгүй сургах боломж олгох, ядуу зүдүү хүмүүст хоол хүнс тараах, өндөр өртөгтэй хагалгаанд орох гээд зардал мөнгөгүй сандарч яваа иргэдэд сайн санааны хандив цуглуулах гэхчлэн буяны ажил зохион байгуулдаг, түүнийгээ мэдээлдэг юм байна.

Гэтэл Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн зүгээс ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Ямартай ч хурал, ном уншлагыг өндөр тарифаар тооцож хийдэг. Сайн үйлсийн аян, буяны ажил санаачилж, зохион байгуулж байна гэж дуулддаггүй. Очоод асуухаар “Бид буяны ажил зөндөө хийдэг. Тэрийгээ сурталчилдаггүй л болохоос” гэнэ. Яг юу хийсэн нь тодорхой бус. Гадаадад сурч эрдэм номд боловсорч гэгээрсэн залуу лам нараа хажигладаг юм уу, ямартай ч тэд нь өрх тусгаарласан нь цөөнгүй.

Гандангаас гадуур буян, номын үйл ажиллагаа явуулж байгаа тэднийг харахад бас ч нийгэмд тустай, ард түмний амьдралд нэмэртэй зүйлүүд хийсэн нь цөөнгүй. Тухайлбал, “Жавзундамба” төвийн тэргүүн Д.Нямсамбуу ёс зүйн айлтгал, лекцүүдээрээ нийгмийн оюуны санаанд том хөрөнгө оруулалт хийдэг. Өөрийн лекцээрээ олон нийтийг уриалж, орон гэргүй ядарсан нэгнийг гэртэй болгосон, зовсон нэгэнд эмчилгээний зардал цуглуулсан гээд мэдээлэл нь ил тод нээлттэй байдаг.

Зурхайч Ж.Гончигсүрэн Түвдэнпэлжээлин хийддээ “Хүүхдийн даахь үргээх өргөө” байгуулсан бол монгол ёс заншлын цэцэрлэг, сургууль үйл ажиллагаа явуулдаг. Манба дацан хийд дэргэдээ уламжлалт анагаах ухааны сургуультай, өвдөж зовсон хүмүүст үйлчилдэг.

Дашчойлин хийд хатуу тарифаар биш хүмүүсийн сүсгээр ном уншлагаа үйлддэг юм байна. Бас нэг жишээ хэлэхэд, энэ зуны халуун өдрүүдэд Английн сүм, хийдүүд ард олондоо хандан “Өнөөдөр төдөн градус хүрч халах юм байна шүү. Та бүхэн манай сүмд ирээрэй. Энэ халуунд хамгийн сэрүүхэн газар сүм хийд л байна. Сэрүүцэхээс гадна эртний уран барилгыг үзэж сонирхоорой” гэсэн зар явуулж байсан нь хүмүүст хүрсэн сонирхолтой сурталчилгаа байв.

Энэ мэтчилэн гадаад, дотоодын жишээг дурдаад байвал Гандантэгчилэн хийд, удирдлагуудад асуудал байх шиг. Хатуухан хэлэхэд, манай Гандантэгчилэн хийд буян үйлддэггүй юм байна. Өнөө хүртэл Ганданг Пирамид болгох санал хүсэлтийг уг нь тэд тавьж, төр хэрэгжүүлж, монголчууд үр шимийг нь хүртсэн байх байлаа.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

One thought on “Гандангаа Пирамид шиг байлгасан бол…

  1. сүсэгтэн 2018-08-03 14:08 at 14:08

    гандан сүсэг биш сэжиг хүрмээр газар шүү дээ. даншиг хийх мөнгөөрөө гандангаа засаач. тоос шороонд дарагдаж зорилго байхгүй газар болсон байна. сайн менежер хэрэгтэй.чойжамц гуай хоцрогдсон байна.

    Хариулах

сүсэгтэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн