УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд хэдхэн хонож байхад ээлжит бусаар дахин хуралдуулах хүсэлт гаргасан нь энэ зунжин асуултын тэмдэг дагуулав. Намар, өвөл, хаваржин хуралдсан гишүүд ч чимээ чагнаж, тэдгээрийн ажлын алба, УИХ-ын тамгын газар гээд бүгд л бэлэн байдалд байсан нь нууц биш.
Гэтэл энэ нь нэг талаас Хөдөлмөрийн хуулиар хүнд олгосон эрхийг зөрчиж буй явдал гэхэд хилсдэхгүй. Учир нь төр, хувийн хэвшилд ажил эрхэлж буй хэнбугай ч жилд нэг удаа ээлжийн амралт авах эрхтэй. Гэтэл чуулганыг ээлжит бусаар хуралдуулах эсэх тухай яриа гарснаас хойш амралтаа авч чадалгүй чимээ чагнасан хүн олон байгаа гэнэ. Харин тэднийг хэн ингэж уях болов.
Эхнийх нь аль хэдийнэ хууль шүүхийнхэн шийдвэр гаргасан асуудлыг дахин сөхөж, “60 тэрбум”-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулъя хэмээн чанга дуугарсан УИХ-ын эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнэ. Дараагийнх нь Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга. Тэдний хувьд эхэндээ өөр өөрийн байр суурьтай байсан ч замын дунд зорилгоо нэгтгэж, УИХ-ын даргыг байгаа болгосон нь аль хэдийнэ нууц сэдэв байхаа больсон.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд эхэндээ зарчим ярьж, “УИХ-ын даргатай нэр холбогдон яригддаг “60 тэрбум”-ын гэх асуудлыг нэг талд нь гаргаж, намынхаа нэрийг цэвэрлэхгүй бол энэ яриа биднээс салахгүй нь” хэмээж олны анхаарлыг татсан. Түүнийг ингэж ярьж эхлэхэд залуу хүнийх нь хувьд зарчмыг нь дэмжих хүн олон байсан. Тэрбээр ганцаар “гал болохгүй”-гээ мэдсэн учраас ангийнхаа нөхдөөс дэмжлэг хүссэнээр 18 нь түүнийг дэмжиж гарын үсэг зурсан байдаг. Мэдээж тэд “60 тэрбум”-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, холбогдох хүмүүсийнх нь байр суурийг сонсч, нэг талд нь гаргаж эцэслэхээр гарын үсэг зурсан.
Гэвч тэдний энэ гарын үсгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөр зүйлд ашигласан буюу ийм тооны гишүүн чуулганыг ээлжит бусаар хуралдуулах хүсэлтэй байна хэмээгээд нээлттэй сонсгол хүссэн албан бичиг илгээснээсээ яг долоо хоногийн дараа ээлжит бус чуулган зарлаж өгөхийг УИХ-ын даргаас хуссэн. Ингэхдээ шалтгаан нь өөрчлөгдсен анхаарал татна. Ингэхдээ “АТГ-ын дарга нарыг авч хаямаар байна” гэсэн нь мэдээж өөр зорилгоор гарын үсэг зурсан гишүүдийн дургүйг хүргэж, “тэд эхнээсээ дуугарч эхэлсэн юм.
Тодруулбал, “Нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан болохоос ээлжит бус чуулган хийх ямар ч шаардлагагүй” гэх байр суурийг илэрхийлсээр байна. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчтэй үгсэн хуйвалдаж АТГ-ын дарга нарыг солихоор хүч сэлбэж эхэлснийг гайхах гишүүн ч цөөнгүй байна билээ. Ямартай ч ийнхүү долоодугаар сарын турш цөөнгүй хүнийг бэлэн байдалд байлгасан хүсэлтийг хангахад учир дутагдалтай байгааг УИХ-ын дарга албан бичгээр дамжуулан хариу тайлбараа хүргүүллээ.
М.ЭНХБОЛД: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ
Дээрх хоёр эрхэм зуны дэлгэр цаг эхэлж, хэн хүнгүй амарч зугаалж байгаа, энэ үед чуулганыг ээлжит бусаар хуралдуулахыг шаардаж буй. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт долоодугаар сарын 30-нд багтааж ээлжит бус чуулганы товыг зарлахыг УИХ-ын даргаас шаардаж, албан тоот илгээсэн.
Энэ нь нэг ёсондоо УИХ-ын гишүүдийг цуглуулахыг шаардаж байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүд, яг үнэндээ, энэ өдрүүдэд ээлжийн амралттай яваа нэгнээс өөрцгүй. Гэтэл ээлжийн амралт нь дуусаагүй байхад байгууллагын даргад нь шахалт үзүүлж, хүмүүсээ дуудаж цуглуулаад ажлыг нь хийлгэ гээд байгаагаас ялгаагүй зүйл болж байна. Хэдийгээр УИХ-ын гишүүн, олон нийтийг төрд төлөөлдөг ч гэлээ тэдэнд бас амарч, зугаалах эрх бийг энд сануулахад илүүдэхгүй болов уу.
Ямартай ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хүсэлтийн дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ сарын 30-нд хуралджээ. Ингээд УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс “Чуулганыг ээлжит бусаар хуралдуулах талаар зарлахад татгалзах зүйлгүй” гэдгийг хэлсэн байна.
Ингэснээр УИХ-ын гишүүдийн ирц ээлжит бус чуулган хуралдахад хүрэлцэх эсэх мэдээг гаргуулсан байна. Ингэхэд гишүүдийн олонх нь тойрогтоо ажиллаж байгаагаа хэлсэн бол зарим нь томилолтоор гадаад, дотоодод ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн хэлснээр хуулийн дагуу амралтаа авсан гишүүн ч олон байгаа юм.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцжээ. Энэ талаар Ерөнхийлөгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзээд өчигдөр /уржигдар/ албан бичиг хүргүүлсэн байна. Ийнхүү ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц хангалттай бус байгаа талаарх мэдээллийг Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдээд байгаа ажээ.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДСАНЫ ДАРАА ЭЭЛЖИТ БУСЫН ТОВЫГ ТОГТООНО
Өнөөдрийн байдлаар УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуултан зарлан хуралдуулахтай холбоотой, хоёр хүний хоёр өөр албан тоот хүрээд байгаа. Гэхдээ хоёр албан тоотын утга агуулга нэг. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “АТГ-ын дарга болон дэд дарга нарыг солих зайлшгүй шаардлага үүссэн. Орон нутагт ажиллаж байхад иргэд энэ талаар маш их санал шүүмжлэл хэлж, тэднийг сольж өгөхийг хүссэн.
Тиймээс ээлжит бус чуулган зарлаж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэх утгатай бичиг илгээсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анхлан барьж авсан “60 тэрбум”-ынхаа талаар дурдаад энэ мэт томоохон хэргуудийг АТГ-ынхан шалгахгүй, нуун дарагдуулж, удааж байгаа учраас удирдлагуудад нь асуудал байна. Тиймээс хоёр том даргыг нь “авч хаямаар байна” гэсэн утга бүхий албан тоот илгээсэн байдаг. Эндээс дээрх хоёр эрхмийн зорилго нэг болох нь үндсэндээ харагдана.
Еренхийлөгч Х.Баттулгын албан бичгээс дурдвал “Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Авлигатай тэмцэх газрын дарга авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаа тул УИХ-ын 2016 оны долоодугаар сарын 8-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага бүхий албан бичгийг ирүүлсэн” гээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах талаар дурджээ.
Яг энэ үндэслэлийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр авч хэлэлцсэн байна. Ингээд “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоохоор шийдвэрлэсэн” гэж ярьжээ. Ингэснээр “УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар өмнө нь шийдвэрлэсний дагуу Хууль зүйн байнгын хорооны хурлаар асуудлыг хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоох нь зүйтэй” гэдэгт Зөвлөлийн гишүүд санал нэгдсэн байна.
Харин одоогоор Хууль зүйн байнгын хороо хуралдаж амжаагүй байна. Өнгөрсөн сарын дундуур Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн ч олонх нь ирж амжихгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Ингэснээр Хууль зүйн байнгын хороог хуралдуулах гэсэн боловч ирц нь хүрээгүй юм. Түүнчлэн цөөнгүй гишүүний зүгээс “Чуулган албан ёсоор завсарласан үед хүн халах, солих асуудлаар ээлжит бус чуулган зарлах ямар ч шаардлагагүй” гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Ямартай ч энэ бүхнээс үзэхэд намрын чуулган эхлэхээс өмнө чуулганыг ээлжит бусаар хуралдуулахгүй бололтой. УИХ өмнө нь ээлжит бусаар чуулган зарлаж байсан туршлага бий. Харин УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж оролцох эсэх нь өөрсдийнх жил тасралтгүй ажилласан нь итгэл үнэмшлээс болдог.
Өөрөөр хэлбэл, нэгэнт УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлачихвал ирэх хүн олон байгаа нь тодорхой. Гэвч энэ удаад чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, УИХ-ын гишуүдийг цуглуулах гэж байгаа шалтгааныг олонх нь дэмжихгүй байгаад асуудлын гол оршиж байгаа юм. АТГ-ын даргыг халах, солих асуудлаар ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй гэж олонх нь мэдэгдээд байгаа учраас энэ удаад ээлжит бус чуулган болохгүй нь бараг тодорхой болж байна.
Тэгээд ч Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний хуульчид л АТГ-ын дарга, дэд даргын хуулийн хугацаа дууссан учраас солих цаг нь болсон гэж үзээд байгаа болохоос биш томилоод явуулсан УИХ ба түүний гишүүд ингэж үзэхгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нар ээлжит бус чуулган хуралдуулах шалтгаанаа өөрчлөхгүй л бол гишүүд ээлжит бусаар цуглахгүй бололтой.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин