Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулагддаг “ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ 2018”(International Youth Photo Festival)-д энэ оноос эхлэн Монгол улс албан ёсоор оролцох эрхтэй боллоо.
Тус фестивал нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээ өрсөлдөн оролцдог Ази-даа хамгийн том гэж хэлж болох гэрэл зургийн фестивал юм. Монгол талаас Фестивалд оролцох ажлыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан зохион байгуулж байна.
Сургууль, сурагчдын шалгаруулалтыг 2018 оны 01 сараас эхлэн явуулж, сонгон шалгаруулалтанд Үй Цай бүрэн дунд сургууль, Шинэ Монгол Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Монгол Тэмүүлэл лабoратори сургууль, Багануур дүүргийн Лаборатори, түшиц “Боловсрол” цогцолбор сургууль, 52-р сургууль, 11-р сургууль, Сүхбаатар дүүрэг Эрдэмтөгс сургууль, Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл 5-р сургууль гэх мэт хот орон нутгийн нийт 20 орчим сургуулийн 40-өөд сурагчид бүтээлээ ирүүлсэнээс эцсийн шалгаруулалтанд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдийн бүтээл шалгарч Фестивалд оролцох эрхтэй болсон байна.
Фестивалд оролцохоор шалгарсан тус сургуулийн 3 сурагчын Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцаж байгаа ажээ. Бүтээлээ илгээж идэвхитэй оролцсон нийт сурагчиддаа баярлалаа. Энэхүү Фестивалд Монгол улс энэ жилээс эхлэн жил бүр оролцохоор болсон билээ. Тиймээс ирэх жил ч мөн боломж байгаа шүү.
Амжилт хүсье!