Өмнөд Солонгосын Цагаачлалын албаныхан гадаадын оюутныг өөрийн улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй иргэн хэмээн андууран баривчлахдаа бүлэглэн зодож, улмаар түр хорих байранд таван өдөр хорьсон нь ихээхэн шүүмжлэлт дагуулж байна. Энэ тухай мэдээлэл “Youtube” сайтад байршчээ.
Узбекстан улсын иргэн, дээд сургуулийн оюутан К нь зуны амралтаараа сургалтын төлбөрөө олох зорилгоор барилгын ажил хийж байсан аж. Түүнийг түр амарч байхад нь Жангвон хотын Цагаачлалын албаны хяналт шалгалтын албаны хоёр ажилтан гэнэт барьсан байна. Тэд түүнд биеийн байцаалтаа үзүүлж, тайлбар хийх завдал өгөөгүй бөгөөд 5-6 хүн нэмж очин, нэг минутын турш бүлэглэн зодсон нь камерт бичигдэн үлджээ.
Цагаачлалын албаны ажилтнууд узбек оюутныг тусгай машинд суулгаж, улмаар түр хорих байранд тав хоног хорьж, хэн болохыг нь тодруулсны дараа суллаж явуулсан байна. Тэд оюутныг бүлэглэж зодсон шалтгаанаа “Тухайн гадаад иргэн нь барилга дээр ажиллаж байсан. Тэнд амь насанд аюултай байж болох төмрөн эд зүйлс их байсан.
Бидний шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тул аргагүй хамгаалалт хийсэн” гэж тайлбарлажээ. БНСУ-ын Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах олон байгууллагаас Жангвон хотын Цагаачлалын албаныхныг уучлалт гуйхыг шаардаж байгаа аж.